Т.Бат-Эрдэнэ: Туул гол дээр барих усан далангийн барилгын ажлыг дараа жилийн өдийд эхлүүлнэ

2013-06-19 00:00:00
Нийслэлийн Удирд­лагын зөвлөл өргөт­гөсөн бүрэлдэхүүнээр Туул, Тэрэлжийн бэл­чирт хуралдаж, шинэ цэвэрлэх байгууламж барих болон гадаргын усыг ашиглан усны нөө­цийг нэмэгдүүлэх зо­рил­го бүхий усан сан­гийн цогцолборыг Туул гол дээр байгуулах ту­хай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Энэ талаар Нийслэ­лийн Засаг даргын Эко­логи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан ор­логч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
 
-Туул гол дээр усан сангийн цогцолбор ба­ри­хаар яригдаж байна. Чухам ямархуу цогцол­бор байх юм бол?
-Гол дээр далан бай­гуулж, усаа хуримтлуулах юм. Голын урсч байгаа усан дээр, бороо, үер, шар ус, хөрсний ус нэмэгдэж хуримтлагдана. Хуримтлагдсан уснаас бид Туул голынхоо урса­цыг жигдрүүлнэ. Туул маш их бохирдолтой ус­тай гол болчихсон шүү дээ. Ялангуяа Улаанбаа­тар хотоор дайран өнгө­рөхдөө зарим газарт шир­­гээд газар дор орчих­сон байдалтай байна. Иймээс голынхоо голдир­лыг жигдлэх, одоо байгаа усны түвшинг бага зэрэг нэмэгдүүлж, байх ёстой хэмжээнд хүргэх тэр тохиргоог хийх юм.
Улаанбаатар хотод уулын, үерийн гээд бай­галиас өгч байгаа өгөөж усыг бид нэг, хоёр өдрийн дотор л урсгаад гаргаад хаячихдаг, ерөөсөө ашиг­лахгүйгээр. Харин одоо тэр шууд урсаад өнгөрч байгаа усаа барьж тог­тоогоод ахуйн хэрэгцээ­ний болон ундны усны нөөцийг тэнц­вэржүүлэх боломж­той болно.
-Ундны усны нөөц бүрдэхээс гадна усан сангийн цогцолборыг дагаад аялал жуулч­лал хөгжүүлнэ гэв үү?
-Даланг бий болгос­ноор Улаанбаатар хотын хуурайшилттай уур амьс­галыг зөөллөж, чийгшил­тэй болгоно. Хураагдсан энэ усан даланг түшиг­лээд усан спорт, аялал жуулчлал бусад чиглэ­лийн салбарыг хөгжүүлэх боломж нь бүрдэж байгаа.
-Нэлээд том талбайг эзэлсэн усан сан байж байж уур амьсгалд нө­лөөлнө дөө?
-Тэгнэ. Далангийн өн­дөр нь 38 орчим метр. Нийт хамрах талбай нь 4000 гаруй км хавтгай газар нутгийг хамрах юм. Ийм байгууламжийг ганц Улаанбаатар хотод хийх гээд байгаа юм биш. Ма­най урд хөршид байна. Бээжин хотын усан хан­гам­жийг тогтвортой байл­гахын тулд тав, зургаан голд ийм усан сан бай­гуулсан. ОХУ-ын Москва хотод мөн адил ийм арга  хэрэглэсэн. Турк, Израиль гээд маш олон оронд ингэж гол дээр далан босгож усны асуудлаа шийдсэн.
-Далангаа хаана бай­­гуулах юм бэ. Тэ­рэлж орчимд уу?
-Тэрэлжээс цааш буюу өөдөө. Тэрэлжийн бэлчир газарт л даа. Яа­гаад энэ газрыг товлов гэхээр Улаанбаатар хо­тын усны хангамжийн асуу­дал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 1980-аад оноос энэ талаар эрчимтэйгээр су­далж ирсэн. Тухайн үед Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар судал­гаа хийгээд Туул голын чиглэлд таван газарт хөнд­лүүр буюу далан ба­рих боломжтойг тогтоо­сон.
1989 онд Зөвлөлтийн эрдэмтэд дахин судалж Хар усан тохойн аманд боомт хийе гэсэн судал­гаа гаргасан. Үүний да­раа 1997-1998 онд “Мон­хидро констракшн” ком­пани бас судалгаа хийж тавдугаар хөндлүүр дээр далан босгож болох юм байна гэдгийг тогтоосон.
-Тавдугаар хөнд­лүүр гэдэг нь хаана вэ?
-Тэрэлж байхгүй юу. 2010-2011 онд “Пристеж инженеринг” компани тухайн үеийн Байгаль орчны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын га­зар­тай хамтраад судал­гаа хийсэн нь Тэрэлжийн хоёрдугаар хөндлүүр буюу өнгөрсөн пүрэв га­ригт бидний хуралдсан яг тэр хөндийд далан бай­гуулах боломжтойг тог­тоосон. Нийт 270 орчим сая ам.долларын өртөг­тэй­гээр далан босгох юм байна гэдэг урьдчилсан судалгаа хийсэн. Түүний дараа Солонгосын Олон улсын байгууллага “Кой­ка” мөн судалгаа хийж хоёрдугаар хөндлүүр дээр далан босгож болно гэдгийг баталсан. Энэ мэтчилэн дотоод, гадаа­дын байгууллагуудын явуул­сан эдгээр урьдчил­сан судалгаагаар бай­галь орчны үнэлгээ, орч­ны тогтоц, газар хөдлөлт, газрын доорх баялаг гээд бүгдийг нь судалсны үнд­сэн дээр хоёрдугаар хөнд­лүүр дээр далан ба­рих талаар хурлын шийд­вэр гарсан. Энэ байршил дээр тогтсон.
-Энэ ажлыг яаралтай эхлүүлэх захирамж гарчихаж?
-Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлө­лийн хурлаас усан далан барих ажлыг эрчим­жүү­лэх захирамжийг гарга­сан.
-Барилгын ажлыг хэзээ эхлүүлэх вэ?
-Урьдчилсан судал­гаа гараад дуусчихлаа. Судалгаанаас үзэхэд далан босгоход бид нарт 300 сая ам.доллараас доошгүй хөрөнгө шаард­ла­гатай. Тийм л том бай­гууламж босох юм. Ийм том байгууламжийг гэнэт барихаасаа түрүүлж, барих нөхцөлөө сонгох хэрэгтэй байна. Тендер эсвэл төсөл хөтөлбөр шал­гаруулах уу, олон ул­сын ч юм уу эсвэл Засгийн газрын хөнгөлөлттэй зээл авч барих уу. Ямартай ч өнөө жил техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаагаа гаргаад да­раа жилийн өдийд ба­рил­гын газар шорооны ажилдаа орох ёстой гэсэн хатуу төлөвлөгөөтэй ажил­лаж байна.
-2014 онд барилгын ажил эхэлбэл хэдэн жилийн дараа ашиглал­тад орно гэсэн үг вэ?
-3-4, таван жил ч ба­риг­даж болно. Гэхдээ энэ даланг өнөөдөр зайлш­гүй барих шаардлагатай тулгарчихаад байна. Түүхэн шаардлага гэж байдаг бол хийхгүй бай­хын аргагүй шаардлага­тай тулгараад байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаа­тар хотын усан хангамж өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Бид цэвэр ус, ахуйн хэрэглээний усны­хаа тэнцвэрт байдлыг хангахын тулд ямар нэгэн тохируулга хийх ёстой. Хамгийн түрүүлж хийх ёстой ажил бол энэ мөн. Тийм учраас аль болох түргэн хугацаанд хийж эхлүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм. 
-Эхний удаад нэг да­лан барина. Тэр далан манай нийслэлийнх­нийг хэдэн жил устай байлгах хүчин чадал­тай вэ?
-2050 он хүртэл.
-Эхний даланг барь­чихвал 2050 он хүртэл усны асуудалгүй амь­дарна гэж үү?
-Усны асуудалгүй. Хангалттай устай байж чадна гэсэн үг. Ер нь бол ийм даланг Туул гэхгүй Сэлбэ голын эхэнд ч ба­рих ёстой. Яагаад гэвэл үерийн усны суваг,  урс­гал Чингэлтэй хайрхан гэдэг ч юм уу, хотын хойноос урсч орж ирдэг. Үерийн усыг боож хааж, хадгалж чадах юм бол бид Сэлбэ голынхоо ур­са­цыг тохируулж чаддаг болно. Хойноос ирэх сал­хины нөлөөгөөр уур амьс­гал зөөлрөх шинж­тэй. Ургамал, ногоон бай­гууламжаа услах усны нөөцтэй болно.
Одоо бид чинь ундны цэвэр усаа жорлондоо ашиглаад байдаг. Усаа нөөцөлж чаддаг болбол ундны ус нэг, ахуйн хэрэглээний ус хоёр гэж ангилах боломж бүрдэнэ.
Даланг хамгийн өн­дөр технологиор барина гэсэн улс орныг л бид сонгоно. Яагаад гадаад улс орныг сонгох болов гэхээр энэ нь маш нарийн технологитой инжене­рийн байгууламж, Мон­гол Улс түүхэндээ ийм зүйл хэзээ ч барьж бай­гаагүй. Тиймээс энэ ажилд гадныхныг илүү оролцох болов уу гэж бодож байгаа.
-Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар бас нэг зүйл хэлэлцсэн нь цэвэрлэх байгуу­лам­жийг шинэчлэх биш, шинээр барих асуудал байсан?
-Хоёр дахь түүхэн шийд­вэр болсон. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр, бүр цоо шинээр байгуулах шийдвэр гар­сан. Төв цэвэрлэх байгуу­ламж өдөрт 170 орчим мянган шоо метр бохир ус цэвэрлэж байгаа. Бид усан хангамжаа нэмэг­дүүлнэ, байшин, барил­гатай болно. Тэр хэрээр хүмүүс илүү ус хэрэглэж эхэлнэ. Хэрэглэж байгаа усны хэрээр бохир ус ихэснэ. Тэр бохирдсон усыг цэвэрлэхэд одоо­гийн цэвэрлэх байгуу­ламж дийлэхгүй. Техно­логи нь муудсан, хатуу эдлэл буюу бетон эдлэ­лүүд нь хуучирч, хагарч, бутарч байна. Түүгээр нь бохир ус хөрс рүү орж байна. Технологи хоц­рог­дож байгаатай хол­боо­тойгоор цэвэрлэгээ­ний үйл явцаас гарч бай­гаа лаг нь хурц үнэртэй, агаар бохирдуулж байна. Энэ бүхнийг энэ хэвээр нь байлгаад байж болохгүй. Өнөөдөр заавал шийд­вэрлэх ёстой. Тиймээс Төв цэвэрлэх байгуулам­жийг шинээр барих шийд­вэр гарлаа. Боломжтой юу. Бүрэн боломжтой.
-Хаана уг байгуу­лам­жийг барихаар ший­дээд байна вэ?
-Төв цэвэрлэх байгуу­ламжийн харьяа газарт буюу уг байгууламжийн цаад талд 50 га газар сул байгаа. Тэнд шинэ бай­гууламжаа барьж болж байна. Өндөр түвшний  цэвэрлэх байгууламжийн технологитой маш олон улсууд байна. Чех, Герман, Франц, Солонгос улс, олон улсын “Жайка” байгууллага хүртэл би­дэнд саналаа ирүүлсэн. Тийм учраас бид техно­логио шилж, сонгож болох нь. Бас нэг боломж бүр­дээд байгаа юм. Юу вэ гэхээр, эдгээр улс, бай­гуул­лагууд “Бид өөрсдийн мөнгөөр цэвэрлэх бай­гуу­ламж барьж өгье. Та нар баригдсаных нь да­раа бидэнд мөнгийг минь буцааж өгөөрэй” гэж бай­гаа юм. Ингэхээр бо­ломж­той гээд байгаа маань энэ л дээ.
Тэгэхээр бүх зүйл биднээс шалтгаална. Бид ямар нэгэн улс төр гэдэг ч юм уу, эдийн засаг, биз­несийн лоббинд автах­гүйгээр зөв технологи, зөв компаниа сонгох ёстой. Тэгж чадвал 2016 он гэхэд тухайн байгууламжийн эхний блок нь ч юм уу ашиглалтад орж байх юм.
Ийм л зорилготой­гоор судалгаа хийгээд, ажиллаад явж байна. Энэ бүхэн маань цаг хуга­цаанд баригдаж байна. Манайд дулааны улирал гурав, дөрөвхөн сар үр­гэлжилдэг шүү дээ. Тэгэ­хээр энэ хэдэн сарыг зү­гээр алдахгүйн төлөө хур­дан л ажиллах хэрэгтэй байна.
 
Д.ГАНСАРУУЛ