Нийслэлийн 2019 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

2019-09-13 09:00:20

2019 оны 09 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/941                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн 2019 оны хоёрдугаар

ээлжийн цэргийн жинхэнэ албаны

татлагын ажлыг зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Засгийн газрын 2018 оны мн/135 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны н/93 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг нийслэлийн хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

     2.Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах үүрэг бүхий  Нийслэлийн Цэрэг татлагын товчоог хавсралт ёсоор баталсугай.

           

       3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай. Үүнд:

 

       3.1.Нийслэлийн Цэрэг татлагын товчоо /Э.Содномжамц/-нд:

             

       Нийслэл, дүүргийн “Цэрэг татлагын товчоо”-ны дарга болон гишүүдийн ажил, үүргийн хуваарийг тогтоож, цэрэг халалт, татлагын талаарх эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, зааварчилгаа өгч, цэрэг татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих.

 

         3.2.Дүүргүүдийн Засаг дарга нарт:

 

         а/“Цэрэг татлагын товчоо”-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж, гишүүдэд орон нутгийн захиргааны албан хаагч болон холбогдох байгууллагуудаас оруулах;

 

       б/Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хөтлөн, ажлын байр болон тээврийн хэрэгслээр хангаж, шаардлагатай хөрөнгийг гаргах;

    

        в/Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

 

        г/Цэрэг татлагын үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолоочийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах;

 

         д/Цэрэг татлагын байрыг зааврын дагуу бэлтгэж, цэргийн жинхэнэ албанд татагдагсдад эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сонгон, зааварчилгаа өгөх, тэднийг эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

 

           е/Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлэх;

 

           ё/Иргэдэд үйлчлэх ая тухтай орчныг бүрдүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх;

 

         ж/Цэрэг татлагыг зохион байгуулсан тухай дүн, мэдээг цэрэг татлага дууссанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх;

 

        4.Цэрэг татлагын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2019 оны 10 дугаар сарын 21-ний дотор танилцуулахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга /Э.Содномжамц/, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН