Анх удаа гадаргын ус ашиглаж, нийслэлийн хэрэгцээг хангана

2013-06-17 00:00:00
Байгалийн нөөц өдрөөс өдөрт хомсдож, дэлхийн баялаг хүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд буй энэ үед гүний цэнгэг усаараа аяга тавагнаас эхлээд автомашинаа угааж, бохироо хүртэл зайлуулж урсгадаг манайх шиг улс орон бараг байхгүй. Ялангуяа, Улаанбаатар хотын хүн амын даац тооцоолж байснаас хэдийнэ хоёр дахин нэмэгдсэнээс 2020 он гэхэд нийслэлчүүд бид уух усгүйд хүрэх аюул учраад байна. Одоогоос 23 жилийн өмнө манай болон ЗХУ-ын Ашигт малтмалын нөөцийн комиссын баталснаар нийслэлийн ашиглаж болох гүний усны нөөцийн хэмжээ хоногт 278.4 мянган шоо метр, 1995 онд ЖАЙКА-гийн судалснаар хоногт 258.7 мянган шоо метр хэмээн тогтоосон байдаг. Гэтэл яг өнөөгийн нийслэлийн хоногийн усны хэрэгцээ энэ нөөцөөс хэтэрч, 299 мянган шоо метр болчихоод буй.
Нийслэлийн хүн ам энэ эрчээрээ өсвөл 2030 он гэхэд хоногийн усны хэрэгцээ 500 орчим мянган шоо метр болж нэмэгдэх тооцоо байна. Тиймээс ахуйн усны хэрэгцээгээ хангах нь Улаанбаатар хотын хувьд нэн тэргүүний шийдэх ёстой асуудал болоод байсан юм. Тэгвэл энэ асуудлын гарц болсон түүхэн шийдвэрийг нийслэлийн Удирдлагын зөвлөл өнгөрсөн баасан гаригт Туул, Тэрэлжийн бэлчирт хийсэн хуралдааны үеэр гаргасан. Тодруулбал, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул голд байгуулах тухай асуудлыг хэлэлцээд, нийслэлийн ИТХ-аар оруулахаар болсон юм.
Улаанбаатарынхны хэрэгцээг гадаргын усаар хангана
Энэ асуудлыг өмнө нь мэдээж ярьж байсан. Тэр ч бүү хэл 1981 онд ЗХУ-ын мэргэжилтн үүд судалгаа хийж, Туул голын сав газрын таван байршилд усан цогцолбор байгуулах боломжийг тогтоожээ. Эдгээр байршлыг олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын хийсэн таван удаагийн судалгаагаар нягталсны эцэст II хөндлөвч буюу Туул, Тэрэлжийн бэлчрийг хамгийн тохиромжтой хэмээн үзжээ. Төлөвлөж байгаагаар нийслэлээс 63 км зайд орших Туул голын энэхүү хөндийд 4164 ам км талбай бүхий цогцолбор байгуулж, хөрсний болон үерийн зэрэг гадаргын усыг хуримтлуулах юм байна. Ингэснээр 2030 он гэхэд нийслэлийн ахуйн хэрэглээний усны 50 хувийг хангах тооцоо гаргажээ. Энэхүү цогцолбор нь хэд хэдэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Улаанбаатар хотод үер буухад нийслэлийнхний цэвэр усны хоногийн хэрэглээнээс хоёр дахин их ус урсан гардаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл тэр их хэмжээний усыг хуримтлуулснаар үер усны аюулаас нийслэлийнхнийг хамгаалах юм.
Түүнчлэн усан цогцолборын даланг ашиглан жилд 50 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Усан сангийн талбай дахь моддыг далангийн эргэн тойронд шилж үүлэн суулгах гэнэ. Ус хуримталсан нуурыг ашиглан загас үржүүлгийн аж ахуй эрхлэх, аялал жуулчлалын бүс болгон ашиглах зэрэг ач холбогдолтой юм байна. Хамгийн гол нь томоохон хэмжээний усан толио бүхий талбайгаас ууршилт үүсэж, тухайн орчны агаарын чийгшил ихээхэн нэмэгдсэнээр хур тунадас орох давтамж олшрох, тоосжилт, хуурайшилтыг багасгаж, ургамал ургах таатай орчин бүрдэх зэргээр экологийн хувьд давуу тал ихтэй аж. Түүнээс гадна УИХ-аар баталсан 2020 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасанчлан Зуун мод, Налайх, Хөшигийн хөндийн 100 мянган хүн ам бүхий шинэ суурьшлын бүсийг усан хангамжийг уг цогцолборын тусламжтайгаар шийдэхээр төлөвлөж байна.
Хэрэв энэ ажлыг эхлүүлэх шийдвэрийг нийслэлийн ИТХаар баталбал нарийвчилсан ТЭЗҮ-г нэг жилийн дотор хийж, барилга байгууламжийн ажлыг яаралтай эхл үүлэх шаардлагатайг хотын удирдлагууд онцолсон. Харин дэлхийн улс орнуудын туршлагыг судалж, хамгийн өндөр технологи ашиглах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гант өмөр анхааруулсан бол тухайн бүс нутгийг тусгай хэрэгцээнд авахуулах асуудлыг Засгийн газарт тавих саналыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун гаргасан. Ямар ч байсан усан цогцолбор байгуулах ажлыг эрчимж үүлэх шаардлагатай гэдэгт Удирдлагын зөвлөлийн гиш үүд санал нэгтэй дэмжиж байв. Уг цогцолборыг байгуулахад Туул голд огт “гар хүрэхг үй” гэдгийг онцолсон. Харин цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотын ундны усны нөөц 2040 он хүртэл баталгаажиж, нийслэлч үүд хоёр саяулаа болсон ч санаа зовохооргүй болох нь.
Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөхгүй, шинээр барина
Уг хуралдаанаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг концессын жагсаалтад оруулах байв. Хоногт 160 мянган шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод удаж буй. Үнэн хэрэгтээ усаа 70 хувь л цэвэршүүлэн гаргаж буй уг байгууламжийн барилга, техник хэрэгсэл нь ч хуучирч, муудсан тул бохир усаа хөрсөнд алдах болсон. Лагийнх нь үнэр агаар бохирдуулж, нэгдүгээр хороолол орчим үмхий үнэрээр нь амьсгалаад дасал болсон. Тиймээс уг байгууламжийг өрг өтгөхийн оронд шинээр цэвэрлэх байгууламж барих нь оновчтой шийдэл. Энэ талаар хэд хэдэн орны санал иржээ. Төв цэвэрлэх байгууламжийн хашаанд 50 га газар сул байдаг гэнэ. Тиймээс шинэ байгууламж барихад газрын асуудал үүсэхгүй аж. Шинээр барихаар төлөвлөж буй цэвэрлэх байгууламж нь хоногт 270 мянган шоо метр ус цэвэршүүлэх бөгөөд лаг боловсруулах үйлдвэртэй байх юм байна. Уг үйлдвэрт лаг боловсруулснаар жилдээ 21-22 сая кВт эрчим хүч үйлдвэрлэхээс гадна уг түүхий эдээс гарган авсан хийг борлуулах боломжтой юм байна. Энэ нь одоогийн Төв цэвэрлэх байгууламжийн жилийн эрчим хүчний хэрэгцээний 40 хувьтай тэнцэнэ.
Манай улс Концессын тухай хуультай болсон ч өнөөдрийг хүртэл нэг ч том байшин барилга, төслийг концессоор хэрэгжүүлээгүй байгаа. Тиймээс сайн судалж, гадаад, дотоодынход хөрөнгө оруулах, итгэх боломж олгох хэрэгтэй гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал сануулсан. Энэ асуудал Улаанбаатар хотын хувьд өнөө маргаашгүй шийдэх шаардлагатай асуудал учраас Хөгжлийн банкинд хандаж, хөрөнгө мөнгөний асуудлыг ярих нь зүйтэй хэмээн хотын дарга Э.Бат-Үүл хэлэв. Хэрэв үнэхээр ойрын хугацаанд төслүүдээс сонгон, хэрэгжүүлбэл 2016 он гэхэд нийслэлийнхэн 70 хувь бус 100 хувь цэвэршүүлсэн усаар хангагдах нь.
Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралтын бүс байгуулна
Үнэндээ Улаанбаатар хотод голын эрэгт очоод цагийг зөв зохистой өнгөрүүлэх газар ховор. Тиймээс иргэд голын эрэгт очиж амрангаа машинаа угааж, хог тарьж, цаашлаад амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ байдлыг өөрчилж, Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралтын бүс байгуулах асуудлыг удахг үй нийслэлийн ИТХ-аар хэлэлцэхээр болов. Дээрх голуудын дагуу 18 байршилд нийт 120 га бүхий талбайд хүүхдийн, залуучуудын, гэр бүлийн, наран шарлагын гэсэн дөрвөн зориулалтаар амралтын бүс байгуулах юм байна. “Туул голын сав газарт амралтын бүс байгуулж, тохижуулах ажлыг дэмжиж байгаа. Хамгийн гол нь ашиглалт, хамгаалалт тал дээр сайн анхаарах хэрэгтэй” хэмээн Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн анхааруулав.
Эдгээр амралтын бүс нь хотын даргын санаачилсны дагуу архигүй амралт, зугаалгын бүс болох юм байна. Түүнчлэн амралт зугаалгын 18 бүсийг дугуйн болон гүйлтийн замаар холбохоор төлөвлөж байгаа юм байна. Ийнхүү анх удаа Туул, Тэрэлжийн бэлчирт өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдсан нийслэлийн Удирдлагын зөвлөлийнхөн Улаанбаатарчуудад нэн шаардлагатай гурван чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Гагцхүү дээрх санал санаачилгууд яриа төдий бус ажил хэрэг болж, иргэдэд үр дүнгээ өгөх нь л чухал байна.