“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг болов

2019-05-29 16:06:20

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн  үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхийн эдлэх боломжоор хангах зорилгоор өнөөдөр НЗДТГ болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд бидний аюулгүй орчин”  сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, есөн дүүргийн хүүхдийн элч, Нийслэлийн хүүхдийн холбоо, эцэг эхийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцов.

“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогын  чиглэлээр шат дараатай ажлыг хийж байгаа. Энэ жилийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийг угтаж нийслэлийн есөн дүүрэгт хүүхдэд тулгамдаж байгаа асуудлаар ярилцах, хэрхэн шийдвэрлэх талаар чуулган зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдээ сонсъя” хайрцаг байршуулна. Энэ хайрцагийг сард нэг удаа задалж шийдвэр гаргах байгууллагад уламжилна. Ингэснээр хүүхэд хамгаалалттай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн Нийслэлийн Засаг даргын ивээл дор хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын ажлын хүрээнд эцэг эхчүүдийн хариуцлагыг чангатгах, хараа хяналтыг сайжруулах зорилготой “Би хариуцлагатай аав ээж” аяныг бүтэн жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр гэр бүлийн салалтаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, эцэг эхийн буруу үлгэр дууриаллыг зогсоох, багш эцэг эхийн хоорондын харилцааны зөрчлийг багасгах, эцэг эхчүүд хүүхдээ сонсох,  багш сурган хүмүүжүүлэгч нарыг сурагчаа ялгаварлан гадуурхах, сурагчдыг сурлагын дүнгээр боох, залуу багш нарын заах арга зүйн дутмаг байдал зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс