Ажилгүйдлийг бууруулах хөтөлбөрийг боловсруулна

2013-05-29 00:00:00
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Нийслэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.
“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ-УЛААНБААТАРЧУУД”  хөдөлмөрийн бага чуулганыг  НЗДТГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 09.00 -14.00 цагт зохион байгуулах гэж байна.
Чуулганы үеэр хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 тал илтгэл тавьж, хэлэлцүүлэг болно. Үүнд:
  • “Нийслэлээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр баримталж буй бодлого чиглэл”
  •  “Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл”
  • “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохистой болгох чиг хандлага”
  • Зээлийн батлан даалтын тухай
  • "Хөдөлмөр эрхлэлтэд байгууллагын хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг”
  • “Ажилтай орлоготой - Улаанбаатарчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ажил олгогч эздийн гүйцэтгэх үүрэг оролцоо,  байр суурь
  • Хорихоос суллагдаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг байгууллага, ШШГЕГ-ын уялдаа холбоо
  • “Ажилтай орлоготой Монгол хүн  хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн танилцуулга”
  • Дүүргүүдийн танилцуулга, төлөвлөгөөнд тусгах санал
Чуулганд НЗДТГ, Хөдөлмөрийн яам, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ААНБ-уудын төлөөлөл, ШШГЕГ, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн төрийн бус байгууллага, ТББ, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно гэж Нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.