Хотын даргын явуулын ажлын байр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд ажиллалаа

2019-05-26 06:02:53

Цахим орчинд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу олны мэдэхээр тэмээтэй хөшөөний баруун хойд талын зам дагасан ногоон байгууламж бүхий цэцэрлэг талбайд Номин групп барилга барихаар төлөвлөж, газар хөндөх болсонтой холбогдуулан тухайн орчмын айл өрхүүд, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тухай мэдээлэл түгсэн.

Уг талбайд үйлчилгээний төв барих зөвшөөрлийг 2017 онд Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд Номин группд өгсөн байна. Энэ дагуу Номин групп өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барина гэснээс үүдэн иргэдийн бухимдлыг төрүүлжээ.

Асуудлыг харилцан эв зүйгээр, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан захирамж гаргаж, тухайн орчимд эргүүлийн цагдаа томилж ажиллуулж байгаа бол өчигдөр /2019.05.25/ үдээс хойш Нийслэлийн Засаг даргын явуулын  ажлын байр /автобус/, Нийслэлийн Засаг даргын шуурхай ажлыг зохион байгуулах албаны дарга болон нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлстийн албан хаагчдын хамтаар газар дээр нь очиж ажиллан, иргэдтэй уулзаж санал бодлыг сонслоо.

Нэгдүгээр хорооны иргэдийн хувьд, нэг талаас Хотын хэмжээнд ногоон байгууламж хүртээмж бага байдаг энэ нөхцөлд байгаа  ногоон байгууламжаа эвдэн сүйтгэж, эрх мэдэл, эд хөрөнгөөр сүр далайлгасан хувийн хэвшлийнхэн дур зоргоороо аашилдаг явдлыг эсэргүүцэж байна, нөгөө талаас 16 давхар худалдааны төв энд баригдсанаар талбайн хойно орших Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 15, 16 дугаар байр нар үзэх боломжгүй болох тул тус газарт олгогдсон барилга барих зөвшөөрлийг Хотын дарга С.Амарсайханаас цуцалж өгөхийг хүсээд оршин суугчдын эсэргүүцлийн гарын үсэг зурсан бичгийг албаны хүмүүст гардуулан өглөө.

Албаны хүмүүсийн зүгээс “өнөөдөр амралтын өдөр тул ямартай ч бид хотын даргын явуулын оффистойгоо, албаны хүмүүсийн хамт ирж, иргэд та бүхний саналыг сонсохыг зорьсон юм. Саналаа ч сонслоо, иргэдийнхээ өргөдөл гомдолтой ч танилцлаа. Бид та бүхний хүсэлтийг нийслэлийн холбогдох агентлаг газруудад болон Засаг дарга С.Амарсайханд уламжлах болно. Шийдвэрийг хотын хэмжээнд судалж байж гарах байх. Тэр болтол та бүхэн тайван амгалан, асуудлыг хурцатгалгүйгээр, гадаа майханд хонож өнжин даарч хөрөлгүйгээр хүлээж байхыг хүсье” гэв.

Газраа хамгаалахаар сэтгэл нэгдсэн Хан-уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байр, албаны хүмүүсийн хамтаар амралтын өдөр гэлтгүй хүрэлцэн ирсэнд талархаж байгаа илэрхийлээд, асуудлыг иргэдэд ээлтэй хэлбэрээр шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс