“Цэцгэн байгууламж” байгуулах төсөл хүлээн авна

2013-05-28 00:00:00
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Цэцгэн байгууламж байгуулах төсөл шалгаруулахад нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана” гэж онцлон хэлж байсан юм. Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагуудын оролцоог идэвхижүүлэх зорилгоор цэцгийн хүлэмж, цэцгийн аж ахуй эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд шилдэг “Цэцгэн байгууламж” байгуулах төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлалаа. Төсөл нь тодорхой байршилд, сонирхолтой загвар шийдэлтэй байх, төсөл гүйцэтгэгч нь тухайн байгууламжаа  зуны туршид арчлах, хамгаалах, нөхөн сэргээх чадавхи, нөөцтэй байх шаардлагыг тавьж байгаа юм.
Төсөлд оролцохыг хүсвэл дараах материалыг бүрдүүлнэ.
-       Төсөл гүйцэтгэгчийн товч танилцуулга (ур чадвар, туршлага зэргийг тодорхой бичнэ)
-       Төсөл хэрэгжих талбайн байршил
-       Төлөвлөлтийн план зураг (чөлөөт)
-       Шаардагдах зардлын тооцоо
Оролцогчдын материалыг  6-р сарын 7-ны 17.00 цаг хүртэл нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын байранд хүлээж авна. Ирүүлсэн  төслүүдээс 2-г нь сонгон авч хэрэгжүүлэх бөгөөд цаашид ч хамтран ажиллах боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын цахим хаягаар / www.baigal.ub.gov.mn/ аваарай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.