Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай болжээ

2013-05-27 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Баасан гарагт  Ус сувгийн Удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэн Туул голд нийлүүлэх үүрэгтэй энэхүү цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагджээ. Анх байгуулахдаа хоногт 4500 м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус  өргөтгөл хийн хоногт 20 000м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна. Мөн Испани улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж,  агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилжээ. Урьд нь зөвхөн  бохир усыг хлороор халдваргүйжүүлж байсан бол одоо хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлж байгаа юм байна.

Хэдийгээр энэ мэт техник технологийн шинэчлэл хийсэн ч  жил өнгөрөх тусам  нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг  Төв цэвэрлэх байгууламж ачаалллаа даахгүй, үйл ажиллагаа нь догдолдож болзошгүй болжээ. Учир нь өнөөдрийн байдлаар  тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган м3 бохир ус ирж байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн ачаалллыг эрс нэмэгдүүлж байгаа юм байна. Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүүгийн хэлж байгаагаар өдөрт  ирж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байдаг төдийгүй арьс ширний үйлдвэрээс ирж байгаа ус нь өвдөл цөвдөл хог ихтэй ,  ус бохирдуулагч химийн хортой бодос болох хром ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг догдолдуулахад хүргэж байгаа юм байна. Мөн бетон хийцүүд нь эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрэлжээ.

Цагаан сарын үеэр арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсоход Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал эрс багасаж, цэвэрлэлтийн түвшин нэмэгддэг байна. Тиймээс Ус сувгийн удирдах газар болон Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шаардалгатай байгааг хотын даргад онцлон хэлж байсан юм. Түүнчлэн  төв цэвэрлэх байгууламжаас хоногт 500-600 метр куб лаг гардаг бөгөөд үүнийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болдог байна. Гэхдээ  цэвэрлэх байгууламжаас гарсан энэхүү лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой байдаг байна.  Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргах боломжтой юм байна.

Харин  лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байлаа. Гэхдээ техник технологийн шинэчлэл хийсэн ч нэгэнт 40 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг буруулах хамгийн зөв арга нь шинээр цэвэрлэх байгууламж барих юм гэдгийг төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүү хэллээ. ЖАЙКА байгууллагаас нийслэлд шинээр барих цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг тун удахгүй гаргаж, танилцуулахаар болсон байна. Урьдчилан мэдэгдэж байгаар 300 гаруй тэр бум төгрөгийн өртөгөөр шинэ цэвэрлэх байгууламжийг 5 жилийн хугацаатай барих боломжтой байгаа юм байна. Гэхдээ зөвхөн ЖАЙКА байгууллага ч биш Солонгос, Франц зэрэг улсуудаас шинээр цэвэрлэх байгууламж барих санал ирж байгаа гэдгээ  хотын даргад тайлбарласан юм.

Нийслэлийн Засаг дарга,  бид энэ асуудлыг яаравчлан шийдвэрлэх ёстой. Улаанбаатар хот хөгжих үү, нүүх үү гэдэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас хамраана. Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийг сайжууралахгүйгээр бид хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй.  Бид Улаанбаатар хотын Яармаг, нисэхийн орчим шинэ суурьшлийн бүс байгуулж, фермерийн үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөж байгаа. Гэтэл нийслэлийн унды усны эх үүсвэрийн нэг болох Туул голд бүрэн цэвэрлэгдэж чадаагүй хромтой ус нийлүүлэгдэж байгаа нь үнэхээр ноцтой явдал юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдэд бид онцгой хяналт тавьж, зарим үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн. Хотоос гаргах асуудлыг ч мөн бид ярилцаж байна. Цаашдаа бид цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих тал дээр дорвитой арга хэмжээг зайлшгүй авах нь чухал. Үүний тулд богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй.  Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгийг шийдвэрлэх боломжтой. НИТХ-аар хуралдаанаар энэ хөтөлбөрийг баталчихвал гадныхан хөнгөлттэй зээл тусламжаар шинэ цэвэрлэх байгууламж барих санаануудаа ирүүлэх болно.  Энэ мэтээр бид шинэ цэвэрлэх байгууламжтай болох ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.