Алдагдсан мөнгөн усны хорыг саармагжууллаа

2013-05-17 00:00:00
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,  51 дүгээр байрны жижүүр 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байгаад 7-р давхрын шатнаас эхлээд цайрсан, үл мэдэгдэх бөмбөлөгүүд тарсан байдалтай байхыг харж, цагдаагийн газарт мэдэгджээ. Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс ттухайн өдрийн 11.00 цагт мөнгөн ус асгарсан тухай мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу газар дээр нь очиход 51 дүгээр байрны 6 давхрын хогийн бункер орчимд мөнгөн ус асгарсан байв. Газар дээр нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Шуурхай бүлэг 105, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын химийн бодис хариуцсан улсын байцаагч нар ажиллажээ. Ажлын хэсэг шуурхай ажиллаж, аюулын бүс тогтоон, мөнгөн усыг соруулж, лабораторийн шинжээчид дотоод орчны агаарт хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр 6, 7 давхрын хогийн бункер орчимд 0.03 мг/м3 буюу мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин, шатны хонгилын хэсэгт 2-3 дахин их байсан байна.Онцгой байдлын албан хаагчид 0.5%-ийн марганцийн уусмалаар 1-9 давхар хүртэлх бүх талбайг саармагжуулж, мөнгөн усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулсан байна. Мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар мөнгөн ус алдагдсан голомтонд саармагжуулалтын өмнө ба дараа хэмжилт хийж, саармагжуулах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.