Үүрэг даалгавар

2013-03-25 00:00:00
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
НЭГ. Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийг 2013 оны 4 дүгээр сарын 01-15-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэлийг хангуулах.
ХОЁР. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлын хүрээнд 2013 онд хийхээр төлөвлөгдсөн боловч өнөөг хүртэл тендер зарлагдахгүй хойшлогдсон, ажлын даалгаваргүй, техникийн нөхцөлгүй, задаргаагүй, газар шийдвэрлэгдээгүй, төсөв өөрчлөгдсөн, зураг төсөвгүй ажлуудыг нэг бүрчлэн гаргаж танилцуулах, энэ чиглэлийн мэдээллээр холбогдох албан тушаалтнуудыг хангах.
ГУРАВ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдах Ардчилсан орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах, цаг үеийн ажлыг зохион байгуулах асуудалд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах.
Дүүргүүдийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ хийгдэх ажил нэг бүрийг газар дээр зохион байгуулах.
Захирагчийн ажлын алба зочид ирэхээс өмнө Нисэхийн цагаан хаалгыг засварласан байх.
ДӨРӨВ. 2013 оны эхний улирал дуусахад цөөн хоног үлдэж байгаа учир тухайн улиралд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлээ байгууллагын удирдлагууд хянаж, бүрэн биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах. Календарчилсан төлөвлөгөөний эхний хоёр сард тасарсан ажлуудыг энэ сард нөхөн хийсэн байх.
ТАВ. Нийслэлийн Агаарын чанарын алба агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд байгаа өрхүүдэд түлшний хөнгөлөлт үзүүлэх, цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох талаар холбогдох газруудад хандаж 4 дүгээр сард багтаан тооцоог дуусгах, түлш бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээг дүгнэх, агаарын бохирдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажлын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах. Нийслэлийн Тээврийн газар нийтийн тээврийн автобусыг дизель, газ хосолсон түлш хэрэглэх бэлтгэлийг хангуулж зөөврийн станцыг хашаандаа суурилуулах.
ЗУРГАА. Нийслэлийн ЗДТГ ажлын хэсэг байгуулж эхний ээлжинд дүүргүүдийн ЗДТГ, зарим хороодын ажлыг шалган, зааварчилгаа өгөх.
ДОЛОО. Захирагчийн ажлын албанаас баталсан засварын ажлын графиктай хот тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг сайтар уялдуулах.         
НАЙМ. Байгууллагууд вэб сайтынхаа мэдээлэл, программын шинэчлэлийг тухай бүр тогтмол хийж ажлаа иргэдэд ил тод, нээлттэй байлгах. Ялангуяа хөрөнгө оруулалтын ажлыг иргэдэд нээлттэй байлгаж иргэдээр гүйцэтгэлийн хяналт тавиулах.
/Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс 2013 оны 3 дугаар 21-нд сайтуудыг шалгахад нийслэлийн Онцгой байдлын газар, Бүртгэлийн газар, Татварын газар, Хөдөлмөрийн газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудын вэб сайт холбогдохгүй буюу нээгдээгүй, нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар Бизнес хөгжлийн төв сайтын материалуудаа шинэчлээгүй байсан/
ЕС. Нийслэлийн Татварын газраас өнгөрсөн онуудын газрын төлбөр хураалтын байдалд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, газрын төлбөрийг нөхөн хурааж барагдуулах ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар өнөөдрөөс зохион байгуулж, үр дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд оруулах.
АРАВ. Хотын инженерийн шугам сүлжээний 26,5 хувь нь 2013 оны 3 дугаар сарын 14-ны байдлаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлгүй газар доорх болон дээрх инженерийн шугам сүлжээг илрүүлэн энэ сард багтаан мэдээллийн нэгдсэн санд оруулсан байх.
АРВАН НЭГ. Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх 16,5 тэрбум төрөгийн ажлын ихэнх нь дүүргүүдэд хувиарлагдах учир тэрхүү хөрөнгөөр ямар ажил хийхээ төлөвлөж иргэдээрээ хэлэлцүүлэн саналаа нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчид ирүүлэх.
АРВАН ХОЁР. Нийслэлийн Боловсролын газар сургуулиудын гадна суурилагдсан хяналтын камеруудыг хэвийн ажиллагаанд оруулах.\
АРВАН ГУРАВ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх ажиллагсдаа энэ долоо хоногт гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах.
АРВАН ДӨРӨВ. Цэвэр агаар сангаас 500,0 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж гүйцэтгэх Д-1000 орчмын айлуудын цахилгааны шугам татах үед Баянбүрдийн аюулгүйн тойрогт авто зам хаах зохицуулалтыг холбогдох газрууд хийж өгөх.
 
 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС