Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                         дугаар А/292                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,  21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Иргэн Ц.Энхболдод Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ”Одкон холдинг” ХХК-ний хойд талд үйлчилгээний зориулалтаар 300 м2 газрыг Сүхбаатар  дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчиж нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл  шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн  байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29–ний өдрийн 362 дугаар захирамжийн Ц.Энхболдод, уг хууль зөрчиж олгосон газрын хэмжээг 323 м2 болгон өөрчилж баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжийн  Ц.Энхболдод холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
           БӨГӨӨД УЛААНБААТАР
           ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ