Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                             дугаар А/289                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Очир-Ундраа ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр сургуулийн хашаан дотор сургуулийн зориулалтаар 1130 мІ газрыг нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд  ашиглуулахаар олгосон байх тул нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 526 дугаар захирамжийн “Очир-Ундраа” ХХК-д, уг газар ашиглах эрхийн зориулалтыг өөрчлөн эзэмшүүлсэн нийслэлийн  Засаг даргын  2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн “Очир-Ундраа” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ