Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                      дугаар А/283                                                  Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Саракаду ХХК-д Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, БНХАУ-ын Элчин сайдын яамны баруун хойд талд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 600 м2 газрыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар захирамжийн Саракаду ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжийн Саракаду ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
           
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ