Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                              дугаар А/204                                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
Нэг. Гүйфүрэн ХХК-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн баруун хойд талд үйлчилгээний зориулалтаар 1081 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж  нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 389 дүгээр захирамжийн Гүйфүрэн ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 234 дүгээр захирамжийн, газрын хэмжээг нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны     07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн Гүйфүрэн ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ