Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана

2013-03-14 00:00:00
Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоотой 2013-2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа.
Хоёр талын хамтын ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг бэхжүүлэх, олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болгох, жуулчдын сэтгэл ханамжид нийцсэн үйл ажиллагаа явуулахад чиглэгдэнэ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааны эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр санал боловсруулж, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах
- Зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн чиглэлийг тодорхойлж хамтарсан сургалтууд зохион байгуулах
- Аялал жуулчлал өндөр хөгжсөн гадаадын орнуудаас туршлага судлах, зөвлөх багш, сайн дурын ажилтнуудыг урьж ажиллуулах
-  Зочлох үйлчилгээний салбарт шинээр нэвтэрч байгаа техник, технологийн ололтыг нийслэлийн зочид буудал, дэн буудал, зоогийн газруудад нэвтрүүлэх
- Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарын ажилчдын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулах
-  Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн “HORECA”-г шинэ агуулга, зорилгоор өргөжүүлэн зохион байгуулах
-  UB MICE ALLIANCE” санаачлагыг өрнүүлж, бизнес ажил хэргийн жуулчлалыг хөгжүүлэх, дээд зэрэглэлийн зочид буудлуудыг сурталчлах, тэдний харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг болно.
 Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 162 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 1-5 хүртэлх одны зэрэглэл авсан 53 зочид буудал ажиллаж байна. Үүнээс 5 одны зэрэглэл хангасан Тэрэлж, Улаанбаатар зочид буудлууд үйл ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.