Үүргээ цагт нь биелүүлээгүй дарга нарт хариуцлага тооцно гэлээ

2013-03-11 00:00:00
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 03 сарын 11-ний өдөр боллоо. Шуурхай зөвөлгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд өнгөрсөн долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосонтой холбоотойгоор гэмт хэргийн гаралт болон осол аваарын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэнийг дурдлаа. Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газарт 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 15187 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 119 нэгж буюу 0.8 хувиар, 654 гэмт хэрэг үйлдэгдсэн нь 5.8 хувиар өссөн байна. Харин нийслэлийн Онцгой байдал газар гамшиг ослын 225  дуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 185 дуудлага, техникийн болон  ахуйн холбогдолтой ослын 40 дуудлага байжээ. Гал түймрийн улмаас 2 хүн, уурхайн нурангид 1 хүн нас барж,  гал түймэрт өртөж 1 хүн түлэгдэж, зам тээврийн болон ахуйн осолд  бэртэж гэмтсэн 4 хүнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 10 хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас 170 хүний амь бие,  1 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, шуурхай зөвөлгөөнөөр холбогдох албан тушаалтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт тааруу байгааг дурдаад, цаашид иймэрхүү байдалтай ажлаа үргэлжүүлбэл хатуу арга хэмжээ авна. Улс төрийн аливаа шахалт, дарамт, лобби огтхон ч хамааралгүйгээр хариуцлага тооцно гэдгийг нийт нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа рекламны самбаруудыг 3 дугаар сарын 1 гэхэд буулгасан байх ёстой боловч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл жишээ болгон дурдсан юм. Мөн удахгүй нийслэлд хийгдэж эхлэх зам засварын ажилтай холбогдуулан хаана, ямар газарт хэрхэн хугацаанд хийж гүйцэтгэх талаар иргэдийг мэдээллээр хангаж, аль болох чирэгдэл учруулахгүйгээр ажлаа чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргүүдийн төсвийн тодотголыг энэ долоо хоногтоо багтаан хийж, аливаа жижиг асуудал тухайлбал орон сууцны дээвэр, цахилгаан шат зэрэг асуудлуудыг харьяа дүүргүүдэд нь шилжүүлж шийдвэрлүүлдэг болох талаар чиглэл өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.