Д.Нанзаддорж: Улаанбаатар хотын гурван цэгт дугуйн зам барина

2013-02-25 00:00:00

Нийслэл хотод энэ онд хэрэгжих авто зам,  замын байгууламжийн ажлын ерөнхий төлөвлөгөө гарсантай холбогдуулан дугуй, гүйлтийн зам тавих ажил хэрхэн тусгагдсан талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодруулга авлаа.

Нийслэл хотод дугуй,гүйлтийн зам байхгүй гэчихэд нэг их буруудахгүй байх. Харин энэ онд хэд хэдэн дугуйн зам тавихаар төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү

Нийслэлийн Засаг дарга энэ асуудалд онцгой анхааран ажиллах үүрэг өгсний дагуу энэ жил гурван газарт тавигдахаар төлөвлөгдөж эхнээсээ зураг төслийн ажлууд нь эхлээд байна. Товчхон танилцуулахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 800 метрийн урттай, 2.5 метрийн өргөнтэй дугуйн зам тавигдаж, замын хоёр талын гэрэлтүүлгийг давхар шийдэхээр төлөвлөсөн байгаа бол мөн Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт буюу 10-р хорооллын арын даланг шинэчлэн ашиглах замаар, Хан-Уул дүүрэгт Дунд голын замыг засч тохижуулснаар зам дагуу тавигдах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 2012 онд эхлээд энэ онд ашиглалтад орохоор хэрэгжиж байна. Харин дээрх 2 дугуйн замын зураг төслийн ажил төлөвлөгөөний дагуу удахгүй хийгдэнэ. Үүний дараа хэдэн метрийн  урттай зам тавигдах нь тодорхой болно.

Эдгээр дугуйн замын ажилд хэдэн төгрөг төсөвлөгдсөн байгаа вэ?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд 934 сая төгрөг төсөвлөгдсөн. Үүнд замын ажлаас гадна гэрэлтүүлгийн ажил мөн багтсан байгаа. Харин нөгөө 2 замын хувьд  эхний ээлжинд  зураг төслийн ажил хийгдэх учиртай.Энэ зураг төсвийн ажилд нийт 12.5 сая төгрөг төсөвлөгдсөн. Ерөнхийдөө дугуйгаар явах, явган хүн гүйх, алхах зориулалтын ийм зам байгуулахад 1 тэрбум төгрөг төсөвт тусгагдаад байна.

Нийслэлийн иргэд тэгэхээр хэзээ дугуйн замтай болно гэсэн үг вэ?

Хоёр замын хувьд зураг төсвийн ажил хийгдэж бэлэн болсноор 1 тэрбум төгрөгийн зам барилгын ажил эхэлнэ.Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам гүйцэтгэх компанийн ажил эхлэх шатандаа явж байгаа.Төлөвлөгөөний дагуу гурван газарт тавигдах дугуйн зам энэ жилдээ багтаж ашиглалтад орно.

Дугуйн болон гүйлтийн замыг хотын төвийн зам дагуу тавих боломж байхгүй юм уу? Ер нь манайханд дугуйн зам тавих туршлага хэр байна  вэ?

Яг үнэндээ замбараагүй хот төлөвлөлтийн балгаар төв зам дагуу дугуйн зам тавих боломж бидэнд байхгүй байна. Явган хүний замаа ч шийдвэрлэхэд бэрх байна шүү дээ. Харин энэ жил  нийслэлийн зүгээс үүнд анхаарлаа хандуулж, дээрх гурван газарт бүтээн байгуулалтын ажлыг хийх гэж байгаа юм. Дараа дараагийн төлөвлөгөөнд ч мөн тусгаж хэрэгжүүлж ажиллана.