Зам тээврийн ослын гаралт буурчээ

2013-02-21 00:00:00

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан нийслэлийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан  2013 оны 1-р улирлын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг,осол,урьдчилан сэргийлэх ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Замын цагдаагийн Ерөнхий газарт 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар  зам тээврийн осол ,гэмтэл,зөрчлийн нийт 3965 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад  794 дуудлагаар буюу 19,4%-аар өсчээ.Дээрх дуудлагын дагуу  928 зам тээврийн  осол бүртгэгдэж,  261 хүн гэмтэж бэртсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ослын гаралт  519-өөр  буюу  35,9 хувиар буурсан бол бэртэж гэмтсэн хүний тоо 15-аар буюу 5,4 хувиар буурсан байна. Ослоос шалтгаалан 5 хүн нас барж,бага насны 30 хүүхэд гэмтэж бэртжээ. Зам тээврийн осол,гэмтлийн гаралт буурсан гол шалтгаан нь нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийсэн “Сар шинийн баярын өмнөх өдрүүдийн   замын хөдөлгөөний зохицуулалт болон  сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгасан нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг онцолсон юм. Мөн дээрх захирамжийн хүрээнд хийгдсэн замын хөдөлгөөний зохицуулалтын үр дүнд баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдийн замын хөдөлгөөний ачаалал эрс буурч, иргэд талархалтай хандаж байсныг дурдлаа.Танилцуулгын дараа   нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга :  “Энэ  онд шинээр замын хөдөлгөөнд хэдэн автомашин нэмэгдэж байгаа болон автомашины улсын дугаар давхардсан хэдэн тохиолдлыг илрүүлээд байгааг тодруулахад, улсын хэмжээнд  340  гаруй  мянган  тээврийн хэрэгсэл байгаагаас 69 хувь нь нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн  өдөрт 150-300 автомашин шинээр бүртгүүлж,  70-80% нь нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн өгсөн мэдээлэл болон хяналт шалгалтаар давхардсан  40 орчим  улсын дугаарыг илрүүлэн шалгаж байна гэлээ  

Он гарсаар 1446 гэмт хэрэг бүртгэгджээ

2013 оны 1-р улирлын байдлаар эрүүгийн нөхцөл байдал, дэг журмыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаарх мэдээллийг  Нийгмийн хэв журам хамгаалын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн  дарга Н.Сумъяа танилцууллаа. НЦГ-т ирсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 1279 буюу 39.6 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Нийт хэргийн  1370 буюу 42.4 хувийг 5 хоногт, 1816 буюу 56.2 хувийг 6-19 хоногт,  42 буюу 1.3 хувийг 20 ба түүнээс дээш хоногт шийдвэрлэжээ.Нийслэлийн нутаг дэвсгэрт  нийт 1446 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 119 хэрэг буюу 9.0 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Гэмт хэргийн тоог дүүргээр нь ангилбал Баянгол дүүрэгт 226,  Баянзүрх дүүрэгт 334,  Сүхбаатар дүүрэгт  275, Сонгинохайрхан дүүрэгт 237, Хан-Уул дүүрэгт 102,   Чингэлтэй дүүрэгт  221, Багануур дүүрэгт 25,  Налайх дүүрэгт 24, Багахангай дүүрэгт 2  гэмт хэрэг гарчээ.

Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд  165,2 сая төгрөгийг төсөвлөжээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ерөнхий ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Хар тамхи,мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ” үйл ажиллагааны  төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга  Б.Энхболд  танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд “Хар тамхи,мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх” чиглэлээр 165,2 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Хуульзүйн яам, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал ,Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд төр захиргааны холбогдох байгууллагууд болон төрийн бус байгууллагууд хамтран цогц арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.