Үүрэг даалгавар

2012-09-24 00:00:00


НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2012 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ БОЛОН НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

2012.09.24

НЭГ. Дүүргүүдийн Засаг дарга нар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээний явц, чанарт анхаарах, хугацаа алдахгүй гүйцэтгүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг оны эхэнд шийдсэн бол ажлыг эхлүүлэх.

БИЕЛЭЛТ: Багахангай дүүрэг телевизийн олон суваг хүлээн авах боломжгүй өрхүүдэд олон сувгийн тавган антен суурилуулах ажлын тендер зарлан 50,0 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлсэн байна. Налайх дүүрэг “Тогтвортой амьжиргаа” төслийн хөрөнгөөр хийгдэх 7 ажлыг графикийн дагуу хийжээ.Чингэлтэй дүүрэг улсын төсвийн 970,0 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжигдэх нийт 12 ажлаас 8 ажилд нээлттэй, 4 ажилд харьцуулсан аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласнаас 5 ажил бүрэн дуусч, 6 ажил нь 20,0-95,0 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх бичил цэцэрлэгийн ажлын хөрөнгө улсын төсвийн тодотголоор буцаагдсан байна.Сүхбаатар дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр 11 төсөл, арга хэмжээний 4 тэрбум 224,0 сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрх шилжин ирснийг 35 төсөл, арга хэмжээ болгон хэрэгжүүлж  2 тэрбум 525,6 сая төгрөгийн 20 ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан болон авах шатанд, 10 ажил гүйцэтгэлийн шатанд буюу ондоо дуусна.Баянгол дүүргийн Засаг даргад эрх шилжсэн 5 тэрбум 427,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлаас 2,3 тэрбум төгрөгийн 46 ажил бүрэн дуусч, 1,2 тэрбум төгрөгийн 46 ажил гүйцэтгэлийн, 1,3 тэрбум төгрөгийн 8 ажил гэрээ байгуулах шатанд буюу удаашралтай, 545,0 сая төгрөгийн 2 ажил тодорхой шалтгааны улмаас хийгдэж эхлээгүй байна.Сонгинохайрхан дүүрэг улсын төсвөөр 140 нэр төрлийн 6402,0 сая төгрөгийн  худалдан авах ажиллагааг зохион байгуулж иржээ. Дээрх ажлуудаас техникийн тодорхойлолт гаргах шатанд 35 ажил байгааг анхаарч явцыг эрчимжүүлэх шаардлагатай. Хан-Уул дүүрэг БНСУ-д үйлдвэрлэсэн хог тээврийн тусгай зориулалтын 14 авто машиныг худалдан авахаар тендер зарласан боловч тендерт шалгарсан компани нь техникийн үзүүлэлтийн шаардлаг хангахгүй авто машин оруулж ирснээс шалтгаалан худалдан авах ажиллагаа хийгдээгүй байна.

ХОЁР. “Цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногоог нөөцлөх агуулах, зоорийн хэвийн нөхцлийг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах зориулалттай өрхийн хэмжээний 2894 тоннын багтаамж бүхий 216 зоориос гадна 59 аж ахуйн нэгж, иргэний нийт 44933 тоннын багтаамж бүхий 110 төвлөрсөн болон томоохон зоориуд байна. Нийслэлийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээ 144799 тонн бөгөөд дээрх зоориуд нь энэхүү хэрэгцээний 33,0 хувийг хадгалах хүчин чадал юм. Үзлэг, тооллогод хамрагдсан зоориудын засвар үйлчилгээ, ариутгал жигд сайн хийгдсэн нь ургац хүлээн авах, зоориудыг ашиглах нөхцөл хангагдсан байна гэж ажлын хэсэг үзжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 24 аж ахуйн нэгжийн махны аммиакан болон ференон хөргүүртэй 69 камерт 13480 тонн мах хүлээн авахад бэлэн байгаа нь нийслэлчүүдийн 2013 оны хэрэгцээнд бэлтгэх 12000 тонн махыг хадгалах бүрэн хүчин чадал юм. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангасан 15000 тоннын багтаамжтай үр тарианы 2 агуулах, 9700 тоннын багтаамжтай 4 аж ахуйн нэгжийн махны зоорь байна.Нийслэлийн Хөдөө аж ахуйн газар нийслэлийн хэмжээний ургац хураалтын нэгдсэн дүн мэдээг ирүүлээгүй. Харин  дүүргүүдийн ЗДТГ-аас 2012 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Багахангай дүүргүүд хураан авсан байгалын хадлан, төмс, хүнсний ногоо, бэлтгэсэн тэжээл, дүүргийн нөөцөд авсан өвсний хэмжээгээ тоон үзүүлэлтээр ирүүлсэн байна.

ГУРАВ. Дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран “Цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот албан даалгаврын дагуу нийслэлийн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дэх мал, гэрийн тэжээвэр амьтдыг намрын ээлжит вакцинжуулалтад бүрэн хамруулах, мал амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн хэмжээнд мал, амьтдын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 16 төрлийн вакцинжуулалтад давхардсан тоогоор 5124 өрх, аж ахуйн нэгжийн 1347,2 мянган толгой мал, амьтдыг хамруулахаас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны байдлаар 1230,0 мянган толгой мал, амьтдыг хамруулан төлөвлөгөөний биелэлт 91,3 хувьтай байна.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/531 дүгээр захирамжийн заалтын дагуу малын халдварт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа 341,3 мянган толгой бод малд хийхээс 307,2 мянган толгойд хийж, гүйцэтгэл 90,0 хувьд хүрчээ.Дүүргүүдийн Засаг дарга нар намрын ээлжит вакцинжуулалт явуулахад шаардагдах батлагдсан зардлыг гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлдэг Мал эмнэлэг, үржлийн албадад өгсөн байна.

ДӨРӨВ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээлэлд дурьдагдсан Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх зарим сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой шийдвэрлэх асуудлын талаарх саналаа дүүргүүдийн ЗДТГ нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх, тус газар судалж танилцуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2012 онд сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн нийт 106 ажилд гэрэ байгуулан хяналт тавин хэрэгжүүлснээс 86 ажил бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн, 20 ажил хэрэгжиж буйгийн дотор дээвэр, цахилгаан сантехник, цэцэрлэгийн барилга, спорт заалны засварын ажлууд  байна.Баянзүрх дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн цэвэр усны шугамын хаалтыг шинэчлэх, худгийн дулаалга хийх, 9 дүгээр цэцэрлэгийн дулааны бойлурыг солиход шаардагдах 20,0 сая төгрөгийн тооцоог гарган дүүргийн төсвийн тодотголоор хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэмжээнд энэ онд их засварын ажлыг 24 объектод гүйцэтгэхээс 13 объектын ажил дууссан, 8 ажил гүйцэтгэлийн, 4 ажил гэрээ байгуулах шатанд байна. Системийн  дүнгээр өвөлжилтийн бэлтгэл хангалт Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн цэвэр усны шугамыг солих, Чингэлтэй дүүргийн Мэнд-Арвижих өрхийн нэгдсэн төвийн халаалтын зуухыг шинэчлэх ажил санхүүжилтийн эх үүсвэрээс шалтгаалан хийгдээгүйн улмаас 92,0 хувьтай байна.

ТАВ. Нийтийн тээврийн автобусаар зорчигчид нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар дүүргүүдийн ЗДТГ-аас санал авсны үндсэнд зарим чиглэлийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулах санал бэлтгэж ойрын үед шийдвэрлүүлэх.

БИЕЛЭЛТ: Энхтайвны өргөн чөлөөний Саппорогийн аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгт авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус, троллейбус явуулах шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбайн урд зам дээр буцаж болон зүүн эргэдэг байсан гурван чиглэл, Эрхүүгийн гудамжнаас Их тойруугийн зам руу баруунаас хойшоо эргэдэг байсан хоёр, нийт 5 чиглэлийн маршрутыг өөрчлөөд байна.Цаашид 2012 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-ний хооронд хот орчмын автобус, троллейбусны 8 чиглэлд, улмаар Нарны гүүрийг ашиглалтад орсон үед Энхтайвны гүүрийн ачааллыг бууруулах, хөдөлгөөний нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор 6 чиглэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. 

ЗУРГАА. Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Соёл, урлагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар нийслэлийн өмчид болон Хан-Уул дүүргийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газрын түүх соёлын үл хөдлөх  дурсгалт зүйлсэд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн “Цагаан хаалга”-ыг буулгаж авто зам, гүүрэн байгууламжийн газар чөлөөлөх шийдвэрүүдийг холбогдох газруудаар яаралтай гаргуулах.

БИЕЛЭЛТ: Холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг авсны үндсэнд нийслэлийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1/2060 тоотоор Хан-Уул дүүргийн болон Нисэхийн цагаан хаалгыг буулгаж данснаас хасах асуудлыг нийслэлийн ИТХ-д хэлэлцүүлэхээр нийслэлийн Өмчийн харилцааны газраас санал хүргүүлсэн.

ДОЛОО. Дүүргүүдийн Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хэмжээнд, байгууллага, аж ахуйн нэгжүүд хариуцсан объектдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг шат шатанд сахиулж ажиллах.

БИЕЛЭЛТ: “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай” нийслэлийн Засаг даргын 2012 оны А/557, “Захирамжийн биелэлтийг эрчимжүүлэх тухай” 2012 оны А/575, “Газар албадан чөлөөлөх тухай” 2012 оны А/580 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УМХЕГ-ын даргын 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/124 тоот нэгдсэн удирдамжаар Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа барилга байгууламж, өргөх байгууламжийн чанар, техник ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын байдалд мэргэжлийн байгууллагууд хамтарсан үзлэг шалгалт явуулж байна.Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар төвийн зургаан дүүргийн хэмжээнд баригдаж буй барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу газар дээр нь шалгаж нийт 250 гаруй барилга дээр 265 өргөх байгууламж ажилладагийг тогтоон зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн 50 аж ахуйн нэгж, иргэнд шаардах хуудас, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 21 объектод ажил зогсоох мэдэгдэл тус тус өгчээ. Налайх дүүргийн уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлогч иргэд, аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд “Нүүрсний далд уурхайн олборлолтын аюулгүй ажиллагааны дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн журам”-д үндэслэн үзлэг шалгалт зохион байгуулах удирдамж гарган шалгалтын явцад зөвшөөрөлгүй, хууль бусаар ам гаргасан газруудыг цаг алдалгүй дарж булах ажлыг зохион байгуулсан ба 2 дугаар хорооны нутаг “Тайж”-ын хэсэгт төмөр зам дагуу, зөвшөөрөлгүй ажиллаж байсан 10 иргэний олборлолтын үйл ажиллагааг зогсоосон байна.Төрийн болон төрийн бус байгууллага, барилга угсралтын мэргэжлийн байгууллагын төлөөлөл 120 орчим хүнийг оролцуулан “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөнийг нийслэлийн ЗДТГ, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар санаачилан зохион байгуулсан.

НАЙМ. Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Усны барилга байгууламж НӨҮГ, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар, Инженерийн байгууламжийн бусад байгууллагууд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, эмнэлгүүд өөрийн эзэмшил шугам сүлжээнд засвар хийсэн хэсгүүдийг хөрсөөр хучих, худгуудын тагийг бүрэн болгож битүүмжлэх. Энэ ажлын явцад Захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллах.

БИЕЛЭЛТ: Усны барилга байгууламж компани замын зорчих хэсэгт байрлалтай нэр бүхий 12 гудамж, өргөн чөлөө, хорооллын доторхи 11 шүүрийн тагийг нөхөн тавьж, 10 худгийг засварлан, 263 худгийн шүүр тагуудыг гагнаж бэхлэн хулгайд алдагдах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.Орон сууц нийтийн аж ахуйн газар 2011,2012 онуудад дулаан болон бохирын нийт 1208 худгийг шинэчлэн сольсон бол 2012-2013 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 336 худгийг сэргээн засварлах, тагийг шинэчлэн солихоор төлөвлөн 9 дүгээр сарын 05-ны байдлаар 313 худгийг засварлажээ.Ус сувгийн удирдах газар өөрийн харъяаллын цэвэр, бохир усны шугам сүлжээний 4125 худгийн люк тагны судалгааг шинэчлэн үзлэг явуулахад таггүй худаг илрээгүй бөгөөд хотын өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 131 худгийн амыг чанар сайтай ширмэн тагаар сольсон байна.Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК өөрийн эзэмшлийн 630 худгийн 2050 тагийг шалган холбогдох арга хэмжээ авч ажилласан бол Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК 4 байршилд даацын хавтанг сольж, 5 худгийн цөмөрсөн хүзүүвчийг өндөрсгөн шинэчилж, 50 бетон тагийг өөрсдийн цехээр хийлгэн нөөцөд авчээ.Дүүргүүдийн ЗДТГ дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа таггүй худгуудын судалгааг гарган хариуцагч байгууллагуудад өгч тагжуулах талаар хамтран ажилласан ба ялангуяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын эзэмшил газарт байрлалтай худгуудад нэг бүрчлэн үзлэг хийж мөрөөр нь ажиллаж байна.

ЕС. Дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Өмчийн харилцааны газар хамтран зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгуудын гадна болон хууль хэрэгжүүлдэггүй хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дураар авирлагч албан тушаалтны халдлагад өртөж болзошгүй төрийн мэдлийн газруудын орчинд ”Энэ газар хуулиар төрийн өмч мөн” гэсэн анхааруулга бичиж байрлуулах.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн Газрын алба Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилгын хашааг буулгаж газрыг чөлөөлөн “Төрийн өмчийн газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн самбар байршуулжээ. Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 14, 18, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт зарим барилгын хашааг албадан буулгасан ба барилгын ажлыг эхлүүлэхгүй байх болон зогсоох мэдэгдлийг 6 иргэн, аж ахуйн нэгжид өгөөд байна.Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанчулуутын хогийн цэгийн хамгаалалтын бүс, 16 дугаар хорооны 27, 28 дугаар байрын урд хойт талбай, 17 дугаар хорооны хөл бөмбөгийн талбайн орчимд “Энэ газар хуулиар төрийн өмч мөн” гэсэн анхааруулга бичиж тавьжээ.

АРАВ. Хан-Уул дүүргийн ЗДТГ, нийслэлийн Газрын алба, Өмчийн харилцааны газар, Авто замын газрууд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хашаа барьж зам засварын ажлыг саатуулж байгаа “Жигүүр гранд” ХХК-ны хашааг одоогийн байгаагаас дотогш  5,0 метр татуулах ажлыг Цагдаагийн байгууллагын оролцоотойгоор даруй  хэрэгжүүлэх.

БИЕЛЭЛТ: “Жигүүр гранд” ХХК-ны Гэгээнтэн цогцолборын хашааг албадан буулгуулж 5,0 метр дотогш татуулан замын трассыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Авто замын газар, Газрын алба зэрэг холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэж, буулгалтыг 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дуусгасан байна.

АРВАН НЭГ. Барилга байгууламж, авто гүүрийн ажил болон нийслэлийн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашигтай холбоотой бүхий л ажил үйлчилгээг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээлэл өгч байх.

БИЕЛЭЛТ: Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хязгаарлах тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цаг тухайд нь мэдээлж, хаагдах замууд дээр 2х3 хэмжээтэй 57 самбар байрлуулсаны дээр 4х9 ба 5х12 хэмжээтэй рекламын 21 том самбарт мэдээлэл байршуулсан.

АРВАН ХОЁР. Нийслэлийн хэмжээнд ойрын үед ил задгай, үүсмэл хог хаягдалгүй болохоор ажиллана. Иймд цэвэрлэгээнд нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ авч хэрэгжүүлэх.

БИЕЛЭЛТ: Захирагчийн ажлын албанаас хотын авто замын цэвэрлэгээг сайжруулах, зэрлэг ургамлыг устгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цэвэр зам” болзолт уралдааныг бүх дүүргийн Тохижилт үйлчилгээний компани, Хот тохижилтын газрын дунд зарлаж 2012 оны 9 дүгээр сарын 01-15-ны хооронд зарлан дүгнэсэн. Уралдааны үеэр зам засварын ажил явагдаагүй гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийж  хотын тоосжилтыг зохих хэмжээнд багасгасан болно. Уралдааны болзлын дагуу зам талбайн үйлчлэгч, хог ачигч 21 ажилчныг шалгаруулан шагнасан.Дүүргүүдийн ЗДТГ үүсмэл хоггүй болох сарын аяныг 9 дүгээр сарын 10-наас 20-ны хооронд эхлүүлэн ажиллаж байна.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хороодод хийсэн шалгалтаар Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт шат шатанд хангалтгүй, иргэдийн ухамсар доройгоос аж ахуйн нэгж, байгууллагуудын болон нийтийн эзэмшлийн зам талбай, далан сувагт хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдах, ил задгай хог салхинд хийж орчныг бохирдуулах, зориулалтын бус хогийн цэгүүд үүсэх зөрчлүүд илэрсэн байна. Зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх үүднээс 5 хорооны Засаг даргад улсын байцаагчийн шаардлага, 13 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгч, 3 иргэний гомдлыг шалган зөрчлийг арилгуулсан, зөрчил бүхий 2 аж ахуйн нэгжид 981800 төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан байна.

АРВАН ГУРАВ. Нийслэлийн нутгийн захиргааны нэр бүхий байгууллагуудын вэб сайтад шинэчлэл хийх. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар мэргэжлийн арга зүй, удирдлагаар хангаж, хэрхэн шинэчлэл хийсэн талаар мэдээллээ нийслэлийн ЗДТГ-т ирүүлэх.

БИЕЛЭЛТ: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд  үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, ил тод байлгах зорилгоор цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүр бэлтгэн байгууллагынхаа цахим хуудаст байршуулж байгаа, Хот тохижилтын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг цөөн хэдэн байгууллага цахим хуудсын бүтэц, загвар дизайныг шинэчилсэн байхад нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Байгаль хамгаалах газар, Мал эмнэлгийн газар, Хөдөлмөрийн газар, Усны барилга байгууламж компани зэрэг хэд хэдэн байгууллагын  цахим хуудас ажиллахгүй болон үндсэн мэдээллүүдийг шинэчлэхгүй хуучин онуудаар байсаар байна.Нийслэлийн Мэдээллийн технологийн газар дүүргүүдийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын болон Захирагчийн ажлын албаны харъяа агентлаг, харъяа газруудтай  байгуулсан гэрээний заалтын дагуу гэрээт байгууллагуудад хариуцсан операторыг ажиллуулдаггүй талаар гарч байгаа санал, гомдлын мөрөөр тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай.

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                       ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС