“Хүн ам”-ын мэдээллийн сан шинэчлэн байгуулах тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.7 дахь заалт, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн      2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1 дэх заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр “Хүн ам” мэдээллийн сан шинэчлэн байгуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

2.    Нийслэлийн хороо, дүүргийн түвшинд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг бүрэн хийж, бүртгэлээр “Хүн ам”-ын мэдээллийн санг 2013 оны            05 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн бүрдүүлэх, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй хорооны Засаг дарга, дүүрэг, хорооны ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.    Нийслэлийн 9 дүүрэг, нийт хороодод “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийг хөтлөх, бүртгэлээр “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэн байгуулж, албан хэрэгцээнд ашиглах талаар сургалт зохион байгуулж, хүн ам, өрхийн анхан шатны бүртгэл хөтлөлт, мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж ажиллахыг Нийслэлийн Статистикийн газар  (Ч.Баянчимэг)-т  даалгасугай.

4.    “Хүн ам”-ын мэдээллийн сангийн програм хангамжийг шинээр суурилуулах, санг  хөрвүүлэх сургалтыг зохион  байгуулах,  мэдээллийн  сангийн бүрдэлтэд мониторинг хийхэд зориулж 7912.0 (долоон сая есөн зуун арван хоёр мянга) мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

5.    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид хөтөлж буй хүн ам, өрхийн болон иргэний бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух бүртгэл, мэдээллийн журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, 2013 оны 8 дугаар сард багтаан танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (С.Отгонгэрэл), нийслэлийн Статистикийн газар (Ч.Баянчимэг)-т үүрэг болгосугай

6.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Ё.Гэрэлчулуун)-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ