Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ

2017-04-13 11:37:52

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажил үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Гэмт хэрэг буурахын зэрэгцээ илрүүлэлт нэмэгдсэн. Тодруулбал, гэмт хэрэгт бүртгэгдэх үед сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 3 хувиар өссөн таатай тоон үзүүлэлт байна. Тус цагдаагийн газраас гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл, зөөврийн хяналтын камер ажиллуулжээ. Түүнчлэн нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засч, бүрэн ашиглалтад оруулан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүрэгт зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй иргэдийг сонгон хэв журмын урамшилт эргүүлээр ажиллуулж байгаа нь гэмт хэргийн гаралт буурах нэгэн шалтгаан болсон байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.