Хун нуураа цэвэрлэлээ

2017-03-27 10:18:30

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт олон жилийн өмнө хайрганы карьераас үлдсэн тогтмол устай цэнгэг устай нуур үүссэн бөгөөд энэ газарт олон төрлийн  ховор шувууд  өвөл зунгүй ирж нутагладаг болоод удаж байна.

Нууранд Хос хун, Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд нисэн ирдэг тул удахгүй ирэх нүүдлийн шувуудаа угтан нуураа цэвэрлэх аяныг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. 

Байгаль орчноо хамгаалах сайн дурын үйлсэд Нийслэлийн байгаль орчны газрын залуус,  Монголын шувуу хамгаалах төв,  Монголын шувуу ажиглагчдын клуб, Аdventure Тemple кафе, Монголын УАЗ клуб, Залуу сэтгүүлч ТББ-ийн хамт олон болон шувуу сонирхогч, гэрэл зурагчид, иргэд, оюутан  залуус идэвхтэй оролцож ажиллалаа гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.