Пиротехникийн хэрэгслийн үзлэг шалгалт үргэлжилж байна

2016-12-28 10:02:09

Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам,  аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн.

Шалгалтын ажлын хэсгээс нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж  буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ш, динамик 200 ш, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, 3 субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллав.  

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.