Алслагдсан дүүргүүдэд өвлийн улиралд хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

2016-12-08 15:24:14

2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.