Эрхийн бичгээр урамшуулах тухай

2010-06-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн Ерөнхий боловсролын сургуульд амжилттай суралцаж буй 12 хүртэлх насны 150 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангийн 2010 оны 1 дүгээр ээлжинд амраах эрхийн бичгээр урамшуулсугай.

     Хоёр. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 12 000 000 /Арван хоёр сая/ төгрөгийг Засаг даргын нөөцөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргаж, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, Хүүхдийн төлөө газар /С.Алтанцэцэг/, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа/-д үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР