Эрх шилжүүлэх тухай

2010-06-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд залуучуудын соёл амралтын төв байгуулах 700,0 /долоон зуун/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т   даалгасугай.

     Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР