Үзлэг явуулах тухай

2010-04-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1."г", 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2011 оны 75 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, аж ахуйн нэгж, байгууллагуудад ашиглагдаж байгаа санхүүгийн программ хангамжийн улсын үзлэгийг нийслэлийн хэмжээнд Сангийн сайдын 2011 оны 75 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

     Хоёр. Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Улсын үзлэг явуулахтай холбогдон гарах зардал 1.843.400 /нэг сая найман зуун дөчин гурван мянган дөрвөн зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэг явуулах ажлын төлөвлөгөө батлан гаргаж, хэрэгжилтийг ханган, улсын үзлэгийг үр дүнтэй зохион байгуулж, дүнг танилцуулгын хамт 2011 оны 05 дугаар сарын 30-ны дотор Сангийн яаманд хүргүүлэхийг Ажлын хэсэг /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР