Барилга акталж, данснаас хасах,шинээр баригдах өргөтгөлийн барилгын ажлын тухай

2010-08-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 5/37, 131 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хөрөнгөд бүртгэлтэй, 1 472 486 400 /нэг тэр бум дөрвөн зуун далан хоёр сая дөрвөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий нийслэлийн өмчийн II байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нэгдүгээр амаржих газрын шинээр баригдах өргөтгөлийн барилгын зураг төсөв боловсруулж, хуучин барилгыг буулгах 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа-д, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/-д, барилгын ажлын зургийг хянан батлахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т, барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн төрөх эмнэлгийн барилгын зураг боловсруулахад шаардлагатай мэргэжлийн мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т, актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн орлого болгон авч, шинээр баригдах барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР