Дэмжлэг үзүүлэх тухай

2010-08-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг хүүхэд нь Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид шинээр элсэн орох 2500 хүүхдэд хичээлийн хэрэгслэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлсүгэй.
 
     Хоёр. Хичээлийн хэрэгслэл авахад шаардагдах 25 000 000 / Хорин таван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/ -т зөвшөөрсүгэй.
 
     Гурав. Нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
     Дөрөв. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэгслэл олгох ажлын нэгдсэн дүнг 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан танилцуулахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/- т даалгасугай.   
 
     Тав. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР