Тусгай зөвшөөрөл олгох тухай

2010-09-17 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30.1.6 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох" шинжээчийн хэсгийн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах "Притифловер" ХХК-ийн "Сувдхан, иргэн Р.Батхишиг, Д.Буянжаргал нарын "Бөндөөлхөн", иргэн С.Цогзолмаагийн "Найзууд", иргэн И.Булганы "Амар", иргэн Б.Өлзийсайханы "Хүслийн жигүүр", иргэн П.Одончимэг, Ц.Оргилсайхан нарын "Дөлгөөн", иргэн Ж.Сувдын "Ертөнц", иргэн Д.Гантөмөрийн "Тугалхан" цэцэрлэгүүдийг байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 222 дугаар захирамжаар байгуулагдсан "Төгс билиг" бүрэн дунд сургуулийн зөвлөл, үүсгэн байгуулагч өргөдөл, хүсэлт гаргасны дагуу Ч.Гүнтэнбазар, Д.Мөнхцэцэг нарыг тус сургуулийн үүсгэн байгуулагчаар нэмж оруулсугай.

     Гурав. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.

     Дөрөв. Шинээр байгуулагдсан дээрх сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, Нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР