Нийслэл өмчөө худалдан 85 орчим тэрбум төгрөг олно

2015-03-24 00:00:00

Нийслэл төсвөө 105 тэрбум төгрөгөөр тэлэхийн тулд зарим обьект өмчлөлөө дуудлага худалдаагаар худалдаалах санал гаргаад байсан билээ. Нийт 19 обьектыг хувьчлах ёстой байснаас өнгөрсөн долоо гарагт хуралдсан НИТХ-ын ээлжит хуралдааны эхний хэлэлцүүлгээр Гэрлэх ёслолын ордныг дээрх жагсаалтаас хассан юм. Харин өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг хувьчлах асуудлыг ирэх долоодугаар сар хүртэл хойшлуулж, бусад обьектыг тодорхой хувь тогтоон дуудлагаар худалдах шийдвэрийг гарлаа.  Өөрөөр хэлбэл, Усан спорт сургалтын төв болон Ионсэй эмнэлгийн барилгыг хувьчилна. Гэхдээ тодорхой хувь хэмжээг зааж өгөх ёстой юм байна гэсэн шийдэлд төлөөлөгчид хүрсэн юм. Түүнчлэн өрхийн эмнэлгийн хуучин барилгууд болон рашаан сувиллын хуучин барилгуудыг дангаар нь бус тухайн газартай нь цуг одоогийн ханшаар үнэлэн хувьчлахаар болжээ.

Мөн энэхүү хуралдааны үеэр хувьчлах барилга байгууламж, газар, эд хөрөнгийн үнээс 10 хүртэлх хувийг дүүрэгт нь өгнө гэсэн санал багагүй маргаан дагууллаа. Хэрвээ тухайн обьект нийслэлийн өмчид байвал заавал дүүрэгт өгөх ёстой юу, дүүргийн төсөвт ачаалал өгөх юм биш үү гэсэн санаануудыг төлөөлөгчид гаргаж байсан юм. Ингээд зөвхөн газрын дуудлага худалдаанаас 10 хүртэлх хувийг дүүрэгт шилжүүлэх саналыг төлөөлөгчид дэмжлээ.  

Нийслэл төсвийн алдагдал хүлээсэн ч, эдийн засаг хямралтай хүндрэлтэй байгаа ч төсвөө тэлэх бодлого явуулж эхэлсэн. Тиймээс хувьчлах 19 обьектоос 85 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байгаа аж.

 

Дээрх асуудлаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.  

 

-Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэж баталлаа. Хотыг бүсээ чангал гэж байгаа ч ийнхүү төсвөө нэмэх нь хэр үр дүнтэй алхам бэ. Энэхүү төсвийг юунд зарцуулахаар төлөвлөөд байна вэ?

-Энэ жилийн төсвийг хумилгүй 105 тэрбум төгрөгөөр тэлсэн төсвийг өнөөдөр хэлэлцэж баталлаа. Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд Улаанбаатар хот төсвөө яагаад тэлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт манай удирдлагын баг хөрөнгө оруулалт гээд олон ажлуудыг эхлүүлсэн. Энэ ажлуудыг цаашид хумих боломжгүй илүү сайн ажиллах шаардлагатай байгаа. Хоёрдугаарт Улаанбаатар хотын хэмжээнд ажилгүйдлийн тоо ихсэж, хөдөлмөр эрхлэлт багасаж байгаа үр дагаврууд байгаа. Хүн амын бодит орлого буурч байгаа учраас нийслэл төсвөө боломжит хэмжээгээрээ тэлж, ажлын байр бий болгох зорилго агуулсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес, бичил зээлийг дэмжиж хөрөнгө төлөвлөлөө. Энэ бүгдийг хумих боломжгүй. Улсын хэмжээнд бүсээ чангалан, зардлаа танаад байгаа. Улаанбаатар хот бол өөрийн урсгал зардал 2015 оны төсвийг батлахдаа 10.6 хувиар танасан. Өөрөөр хэлбэл хотын хэмжээний зардал маш сайн танагдсан. Одоо бидний төлөвлөж байгаа нь өмч хувьчлал, газар гэсэн шинэ эх үүсвэрүүд юм. Өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа үед өмч хувьчлал бол илүү өндөр үнэ хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ бид газрын дуудлага худалдаа өмчөө худалдсанаас 85 орчим тэрбум төгрөг нэмж авна. Түүгээр бүтээн байгуулалтаа хийх зорилго агуулж байгаа.

-Өмч хувьчлалаас гэрлэх ёслолын ордны хувьчлалыг хассан. Өөр ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Өмч хувьчлалд 19 нэр бүхий обьектыг дурдсан. Үүнд та нарын анхаарлыг татсан Хуримын ордон, Усан бассейн, Ионсей эмнэлэг, Шүр, эрүү нүүрний эмгэг судлалын төв, Автобус-3 гэсэн том обьектууд байна. Бусад нь өрхийн эмнэлэгийн байр гэсэн жижиг обьектууд байгаа. Үүнд анхнаас нь буруу мэдээлэл иргэдийн дунд явсан. Хуримын ордон, Усан спорт сургалтын төвийг хувьчлахдаа шууд зарж, хувьчлахгүй түүний 49 хүртэлх менежментийн хувийг дуудлага худалдаагаар худалдаад тэр худалдаж авсан багт нь менежментийн удирдлагын эрхийг шилжүүлэх зорилго агуулж байсан. Төлөөлөгч нар нэлээд санал гарган иргэд санал, хүсэлтээ хэлсэн учраас Хуримын ордоныг хувьчлах жагсаалтаас хаслаа.

-Гэрлэх ёслолын ордны суурин дээр нь “Шангрилла” зочид буудлын авто зогсоол болгох барих зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гарсан гэдэг яриа гарсан. Энэ үнэн үү?

-Хуримын ордныг буулгах, оронд нь өөр зүйл барина гэсэн ямар ч зураг төсөл гараагүй. Энэ бол худлаа мэдээлэл. Хүмүүст хуримын ордонд Монгол Улсын нэрийн өмнөөс гэрчилгээ гардуулж өгөөд хурим хийж байна гэсэн ойлголт байдаг. Гэтэл 1992 оноос хойш тэнд Монгол Улсын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явагдаагүй байгаа юм. Одоо тэнд зан үйлийн л үйлчилгээ хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл хот иргэдээс зан үйлийн үйлчилгээ хийн тэр хүмүүсээс мөнгө аваад байгаа. Үүнийг улс, хотоос хийх шаардлагагүй ердийн сервис л үйлчилгээ шүү дээ. Хуримын албан ёсны үйл ажиллагаа дүүргүүдийн тамгын газар дээр явагдан тэнд та хоёр Монгол Улсын гэр бүл боллоо шүү гэдгийг бүртгээд гэрчилгээ өгч байгаа. Гэрлэх ёслолын ордныг ашиггүй ажиллаж байгаа гэж хэн ч яриагүй, мэдээлэл буруу цацагдсан. Өнгөрсөн жил гэхэд 400 сая төгрөгийн ашигтай ажилласан. Цаашид ч энэ бизнесийг өшөө тэлэх боломжтой. Хот хөрөнгийн эх үүсвэрээ төвлөрүүлэхийн тулд ямар ч обьектуудыг хувьчилж болох уу гэдэг асуудлаа гаргаж тавин НИТХ-д танилцуулсан.

 

 

Усан бассейны тодорхой 40 хүртэлх хувийг нь дуудлага худалдаагаар худалдаалж, менежментийг нь шинэ багт нь шилжүүлэх зорилт агуулж байгаа. Автобус-3 баазын хувьчлалын тухайд хотын төвд автобус бааз байгаад тэндээс утаа тавин иргэдээ авах гэж хотын зах руу давхидаг тийм систем байж болохгүй юм. Бид Автобус-3-ын өөрийнх нь олсон хөрөнгөөр хотын захад автобус баазыг байгуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Биокомбинат, Өлзийт хороолол, Дарь эх чиглэл рүү 2 автобусны бааз шинээр байгуулна. Үүнийг Автобус-3 баазын газрыг худалдсан орлогоор олгох зорилт агуулсан байгаа.

-Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хувьд асуудлыг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлууллаа шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэхээр хэлэлцэв?

- Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн хувьд НИТХ-ын тэргүүлэгчдээс энэ газарт юу барих тал дээр саналаа боловсруулж ир гэсэн даалгавар өгсөн. Яг энэ газар дээр жишээ нь шүдний эмнэлгийг нь буцаан барихад 12 хүртэлх давхар барилга барьж болохоор байгаа юм. Түүнээс илүү барилга барих боломж байхгүй. Тэр нь бизнес эрхэлж байгаа хүмүүст ашигтай хувилбар биш болоод байгаа. Тиймээс биднийг ирэх долдугаар сарын 1-ний дотор саналаа боловсруулж ажиллах үүрэг өгсөн. Түүний дагуу ажиллана даа.

-Энэ жил нийслэлээс хэдэн цэцэрлэг, сургууль барихаар болж байгаа вэ? 

-Төлөвлөж байгаа нь 9. Нийтдээ 53 сургууль, цэцэрлэг байна. Түүнээс ажлын явцаас нь хамаараад энэ жил 40 орчим сургууль, цэцэрлэгийг ашиглалтад авна гэсэн тооцоо байна.

 

Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар