Гарааш байсан газарт цэцэрлэг сүндэрлэв

2015-03-23 00:00:00

Авто машины гарааш байсан газрыг чөлөөлснөөр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт тус цэцэрлэг ашиглалтад ороод байна. Хоёр жилийн өмнө авто машины гарааш байсан газарт цэцэрлэг баригдсан нь иргэд санаачлага гарган газрыг чөлөөлж, дүүрэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр  бүтжээ. Ингэхдээ 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд Баянзүрх дүүрэгт 4.4 тэрбум төгрөг төсөвлөгдөж, түүгээр ямар ажил хийх талаар иргэдээс санал авахад “Төрийн өмчит цэцэрлэггүй хороодод цэцэрлэг бариулъя” гэдэг санал хамгийн их ирсэн байна. Энэ дагуу дүүргээс төрийн өмчит цэцэрлэггүй 4, 7, 21, 28 дугаар хороонд 150-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажил эхлүүлсний нэг нь ийн ашиглалтад орж буй аж.  Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой байхаар төлөвлөгдсөн ч 180-д хүргэж хүлээн авчээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас өгсөн мэдээллээр дүүргийн хэмжээнд 36 цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлдэгээс 22 мянга орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна, тэднээс 60 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Өнгөрсөн онд тус дүүрэгт Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр, орон нутгийн хөгжлийн сангаар дөрвөн цэцэрлэг тус бүр ашиглалтад орсон. Цаашдаа улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэд, хэдэн цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Гэвч газар хомс болсон байна, газар чөлөөлөх хөрөнгийг шийдээгүй цагт сул чөлөөтэй газар үлдээгүй гэж хэлж болох аж.

Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хонон өнжин дугаарладаг. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, Дэлхийн банкны санхүүжилтээр тус бүр цэцэрлэг барьж байгаа нь өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад тооны хувьд олон болсон ч хүн амын өсөлтийг гүйцэх хэмжээнд асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа юм.

Г.ДАРЬ