ОРОН СУУЦАНД ОЛУУЛАА

2015-03-20 00:00:00

Нэлээд хэдэн жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурагтаар нэг “үлгэр” ярьж байсан нь санаанд тодхон үлджээ. “Гадаадын оронд иргэд нь банкнаас зээл аваад, орон сууцанд орж, бүх насаараа тэндээ тохь тухтай амьдардаг. Харин манайд болохоор бүх насаараа хөдөлмөрлөж хураасан хэдэн төгрөгөөрөө байр авчихаад, түүндээ амьдарч, ид шидийг нь үзсэн ч юмгүй насан өөд болдог. Тиймээс бид олон улсын тэр жишгийг дагах цаг болсон” гээд ярих нь үлгэр шиг санагдаж байснаас биш “хөрсөн” дээр ингээд буугаад ирнэ чинээ бодоогүй билээ. Үлгэр эхнээсээ биеллээ олж, өнөөдөр монголчууд орон сууц гэдэг жаргалын оронд амьдрах боломж олон хүнд бий гэдэгт итгэдэг болсон. Цаашид бүр олон хүнд энэ боломжийг олгохын төлөө төр засаг маань зорьж байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг. Барилгын хэр олон өргөгч кран ажиллаж буй нь тухайн улс, хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ямархуу байгааг тодорхойлох нэг хэмжүүр болдог гэдэг. Монголын хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг Улаанбаатар хотод ийм кран маш олноороо бий.

Гагцхүү тэр бүтээн байгуулалт иргэдийн амьдралд наалдац муутай байсаар байгааг нийслэлийн гэр хорооллынхны ялгаруулдаг хорт утаанаас бэлхнээ харж болно. Өвлийн цагт нүүрсний утаа, дулааны улиралд агаарын, гүний усны, хөрсний бохирдол гээд салж өгдөггүй олон “шүдний өвчин”-г цогцоор нь шийдэх хамгийн найдвартай арга бол гэр хороололд амьдардаг иргэдийг орон сууцжуулах явдал. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр томоохон ажлыг зоригтойгоор эхлүүлж, гэр хорооллын иргэдийг үндсэн таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөр баталсан. 2013 оноос эхэлсэн уг хөтөлбөр үнэндээ тэдний төсөөлсөн шиг тийм ч амар хялбар бүтчихгүй, нүсэр том ажил гэдгийг одоо л хаана хаанаа ойлгож байна. УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэр хорооллыг дахин төлөвлөхөөр 24 байршил баталсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2018 он гэхэд 1547.8 га, 16109 нэгж талбар бүхий дээрх 24 байршилд нийтдээ 80 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орох юм. Гэхдээ улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн, дээрээс нь өнгөрсөн зуны элбэг хур бороо гээд цөөнгүй асуудлаас болоод 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 2000 айлын орон сууцаа гүйцээж чадаагүй. Энэ онд ч мөн арваад мянган айлын орон сууц ашиглалтад оруулах анхны төлөвлөгөөнөөсөө буцаж, баттай амлаж байгаа тоо нь 2000-3000 дээр буужээ. Гэвч чамлахаар чанга атгах хэрэгтэй. Эдгээр орон сууцанд иргэдээ оруулаад, төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд нь дараагийн ажил руугаа шуурхайлан орох тийм боломж нөхцөлийг нээж өгөх ёстой. Тэгэхийн тулд л багагүй хэл ам дагуулаад байгаа “Улаанбаатар орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан билээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг төрийн албан хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийг уг сангаас гаргахаар болсон нь угтаа олон гэр бүлийн талархлыг хүлээх учиртай. Үнэхээр нүдээ олж чадвал шүү дээ. “Улаанбаатар орон сууцны сан”-д одоо төвлөрсөн хөрөнгөөр төрийн албан хаагчдыг байртай болгоё гэвэл 300- 400 айл өрхөд л хүрэлцэх гэнэ. Харин түүний оронд урьдчилгаа мөнгөн дээр нь дэмжлэг үзүүлбэл 4000 хүртэлх айлыг орон сууцтай болгох боломжтой гэдгийг Монголын банкны холбооныхон нийслэлийн удирдлагуудад зөвлөжээ. Ингээд олон талаас нь хэлэлцэж судалсны эцэст энэ хувилбарыг сонгосон байна. Тиймээс төрийн захиргааны байгууллагад арваас доошгүй жил ажилласан, урьдчилгаа төлбөрөө бүрэн хийсэн албан хаагчдад орон сууцны зээлээ төлөхөд нь дэмжлэг үзүүлэхээр 10 хүртэлх сая төгрөг олгох журам 2013 онд батлуулснаа өөрчлөхөд хүрчээ. “Урьдчилгаа мөнгөн дээр минь дэмжлэг үзүүлбэл бид байрны зээлд хамрагдаад, цалингаасаа сар бүр төлөөд явах боломжтой” гэж олон төрийн албан хаагч тэдэнд санал хүсэлтээ ирүүлсэн гэнэ.

Эдийн засгийн хямралаас болоод орон сууцны борлуулалт муу байна гэх ам дамжсан яриа гадуур байгаа ч үнэндээ талбай багатай байрнууд маш сайн зарагдаж буйг албаны хүн онцолсон. Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн онд барьж ашиглалтад оруулсан 30-60 ам метр талбай бүхий орон сууцнууд бараг бүгд борлогдсон гэнэ. Энэ бол эрэлт, нийлүүлэлт хоёр нэгнээсээ төөрөөд, хаа холуур зөрөөд байдаг гажуудал үгүй болж буйн тэмдэг болов уу. Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах таван чиглэлийг хооронд нь уяж зохицуулах үүрэгтэй Нийслэлийн орон сууцны зөвлөлийг даруйхан байгуулахгүй бол ажил хүссэнээр урагшлахгүй гэдгийг хотын удирдлагууд ч ойлгож байгаа.

Тиймээс удирдлагын зөвлөлийн ирэх хурлаар үүнийг шуурхайлан хэлэлцэж НОСК-аа байгуулна гэсэн. Аливаад анхны алхам хийх, шинэ зүйлийг эхлүүлэх ямагт хамгийн хэцүү байдаг учраас гараанаасаа нэгэнт гарсан энэ ажлыг өөлж гоочлох нь илүүц билээ. Юм хийж байгаа нэгнээ хараад хажуугаас нь өөлж гоочлоод л байвал юуг ч бүтээхгүй гэдгийг эрт, эдүгээгийн үнэн түүх гэрчилдэг болохоор алдаагаа нийтээрээ хэлэлцэж, засаж залруулах аргыг хамтдаа сүвэгчлэх ёстой биз ээ. Орон сууцанд илүү олуулаа орохын тулд хойшид аль ч намын ямар ч улстөрийн хүчин байсан энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх учиртай юм.

Л.ГАНЧИМЭГ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.Очирбат: Амьдралд нь бодитой нэмэр болгох үүднээс

төрийн албан хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг боловсруулж, батлуулах ажлыг нугалсан юм.

-Төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам баталсныг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд энэ журмыг гаргасан гэж байгаа ч яагаад заавал төрийн албан хаагчдад гэж онцолсныг олон хүн сонирхож буй. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Төрийн албан хаагчийн ажил олгогч нь төрийн захиргааны байгууллага өөрөө шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын захиргаанаас эхлээд хорооны зохион байгуулагч хүртэл 35 мянга гаруй албан хаагч төрд зүтгэж байна. Тэдний цалинг нэмлээ гэхэд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түлш, шатахууны үнэ нэмэгддэг. Тиймээс амьдралд нь бодитой нэмэр болгох үүднээс ийм дэмжлэг үзүүлж байгаа юм. Төрийн албан хаагч орон сууцаар хангагдах баталгаатай байх ёстой гэдгийг Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг. Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангаснаар ар гэртээ санаа зоволгүй ажилдаа идэвх санаачилгатай байх, цаашлаад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн албан хаагчдад өгөх гэлээ гэх хүмүүс байх шиг байна лээ. Төрийн албан хаагчид ч бас татвар төлөгч шүү дээ. Харин ч татвараа тогтмол төлдөг хүмүүс. Тэгэхээр энэ бол төр ажил олгогчийнхоо хувиар ажилтнаа орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм.

-Ямар эх үүсвэрээс энэ мөнгийг бүрдүүлж байгаа вэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг нь шийдсэн газарт орон сууц барьж байгаа аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын дүнгийн хоёр хувийг “Улаанбаатар орон сууцны сан”-д төвлөрүүлэх Засгийн газрын тогтоол бий. Энэ тухай журмыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр бид Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлээд жил гаруй болж байна. Үүнийгээ Засгийн газраар хэлэлцүүлж, шийдүүлчихвэл тэр хоёр хувиа сандаа төвлөрүүлээд байх боломжтой. Төсвийн тухай хуульд заасны дагуу орон сууцны үйлчилгээ үзүүлэх төсөв хөрөнгийг шийдэх эрх нь нийслэлийн ИТХ-д бий. Одоогоор гарааны санхүүжилт болох 15 тэрбум төгрөг санд байна. Нөгөөтэйгүүр хотын захиргаа төсвөө тэлэх бодлого цаашид баримталж байгаа. Татварын бус орлогоор хөрөнгө босгож, төсвөө тэлэх зах зээлийн зарчимд шилжиж байна. Урьд нь бид газрыг захирамжаар, дандаа үнэгүй өгдөг байсан бол одоо хуулийн дагуу дуудлага худалдаагаар олгодог болох юм. Жишээ нь, одоо дуудлага худалдаагаар олгохоор төлөвлөөд байгаа 225 га газрын анхны үнэ нь 30-аад тэрбум төгрөг. Анхны үнээсээ мэдээж хэд дахин өснө шүү дээ. Ийм маягийн шударга өрсөлдөөний зарчмаар хөрөнгө босгож, тэр хэрээрээ төрийн албан хаагчдаа дэмжих бодлого баримтална.

-Нийслэлийн төрийн албан хаагчдын төдөн хувь нь орон сууцгүй гэсэн тоо баримт байдаг уу. Ер нь дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцанд орох хүсэлтэй төрийн албан хаагч хэр олон байгаа бол?

-Зөвхөн боловсролын салбарт гэхэд л төрийн албан хаагч 12 мянга шахам байдаг. Тэднээс 30 гаруй хувь нь л орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа бий. 60 гаруй хувь нь гэр хороололд, үлдсэн хэсэг нь түрээсийн орон сууцанд амьдардаг. Тэгэхээр зөвхөн нэг салбар нь л ийм байгаа юм чинь цаана нь дахиад олон төрийн албан хаагч өөрийн гэсэн орон байргүй явааг эндээс харж болно. Ер нь нийслэлийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн нэгдсэн судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах ажлыг манайхан гүйцэтгэж байгаа.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцны талбайн үнийг хэдэн төгрөгөөр тооцож байгаа вэ?

-Үнийг тогтоохдоо бид “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг жишиг болгон авч үзсэн. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд том эрсдэл хүлээж байгаа. Газрыг нь өөрсдөө чөлөөлөөд, орон сууц барих хугацаанд тухайн иргэнийг өөр газарт амьдрах түрээсийн мөнгийг нь ч тэд хариуцаж байна. Тиймээс тэдгээр аж ахуйн нэгжийн орон сууцны үнэ “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг бодвол арай ахиу тусаж байна. Учир нь “Буянт-Ухаа 1” хорооллыг сул газар дээр барьсан учраас нэг ам метр талбайг 1.280.000 төгрөгөөр үнэлсэн. Харин дахин төлөвлөлтөөр барьж буй орон сууцаа 2015 оны эхний хагас жилд ашиглалтад оруулах компаниудаас бид бодит үнийн саналыг нь асуухад тэд ам метрийг нь 1.500.000-1.650.000 төгрөгөөр борлуулах боломжтой гэсэн. Нэгэнт бид энэ нүсэр том хөтөлбөрийг боловруулж, батлуулаад, ажил эхэлчихсэн учраас хөрөнгө оруулалттайгаа уялдуулан, цааш явуулах учиртай. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд маань барьсан орон сууцаа борлуулах тал дээр биднээс дэмжлэг хүссэн. Бид ч Монголбанк, Монголын банкны холбоо зэрэг хэд хэдэн газартай хамтран, энэ асуудлыг бүх талаас нь судалж үзсэний эцэст дээрх журмыг баталсан.

БАЙР СУУРЬ

Нийслэлийн ИТХ-аас энэ сарын 16-нд баталж, хэрэгжүүлэх болсон “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам хэр оновчтой зохицуулалт болсон, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар барилгын салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

БИДНИЙ ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ БОЛ ГЭР ХОРООЛОЛ

М.БАТБААТАР (Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч):

-Улаанбаатар хотод сүүлийн 10 орчим жилд 4000, 40.000, 100.000 айлын орон сууц зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжлээ. Эдгээр төсөл нь нэлээд чинээлэг хүмүүст зориулсан, өндөр үнэтэй орон сууц зах зээлд нийлүүлж, эмх замбараагүй үргэлжилсэн. Мөнгөтэй л бол хэн ч хамаагүй газар аваад орон сууц барьчихдаг. Ийм зах зээл манай улсад ноёрхоод одоо ханачихаад байгаа юм. Харин одоо нийслэлийн гэр хорооллын 380.000 айлыг орон сууцтай болгох нь шинэ зах зээл. Хотын захиргаа энэ зах зээл рүү маш зоригтой орж байна. Гэр хороололд голдуу бага, дунд орлоготой иргэд амьдарч байгаа.

Тэднийг орон сууцтай болгохын тулд худалдан авах чадварт нь нийцсэн байр барих нь чухал. Төрөөс газар үнэгүй олгож, дэд бүтцийг нь шийдэх санаачилга эхэлсэн, ажил хэрэг болоод байна. Үүн дээр урьдчилгаа 30 хувийг нь өөр механизмаар бүрдүүлэх шинэ хэлбэрийг нийслэлийн ЗДТГ гаргаж ирлээ. Манай улсад анх удаа ийм санаачилга гаргасан, тэр хэрээр зоригтой алхам хийсэн нь хамгийн чухал ач холбогдол гэж дүгнэж байгаа. Энэ бол Улаанбаатар хотод орон сууцаар барьцаалсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхийн эхлэл. Нийслэл өмчөө барьцаалж 30 жилийн хугацаатай бонд босгох тухай ярьж байна.

Хоёрдогч зах зээл рүү оруулах нь хамгийн бодит зохицуулалт. Хэрэв төр дэмжлэг үзүүлж иргэдээ хямд орон сууцаар хангая, тэр байрыг нь барих хөрөнгийг нь хотын захиргаа бүрдүүлж өгье гэвэл гүйцэтгэгч компани барьсан өртгөө “хоёр нугалах” шаардлагагүй. Үндэсний компаниуд “Буянт-Ухаа 1” хорооллын нэг ам метрийг 800.000-900.000 төгрөгөөр барьж, улс түүнийг нь 1.2 сая төгрөгөөр борлуулсан. Гүйцэтгэгч барилгаа барьж өгчихөөд борлуулахад нь огт оролцохгүй.

Компанид юу нь ашигтай юм бэ гэж хэлэх хүн байж магад. Тэгвэл манай гишүүн компаниуд таван жил, 10 жил толгой өвтгөхгүй ажиллана. Хаана ашигтай байрлал байна, хэрхэн газраа авах вэ, барьсныхаа дараа яаж зарах вэ гэх “толгойны өвчин” бидэнд хэрэггүй гэсэн үг. Зөвхөн бариад хүлээлгэж өгнө. Ирэх 10 жилд ийм хэлбэрээр тогтвортой ажиллаж, гэр хорооллын иргэдийг орон сууцаар хангах боломжтой тул энэ төсөл бол манай барилгынханд, ялангуяа жирийн гүйцэтгэгч компаниудад маш том ирээдүй гэж үзэж болно.

5000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Л.БАТ-АМГАЛАН (“Вишн девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал)

-Хөрс, агаарын бохирдлыг багасгахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөх нь хамгийн чухал. Манай компани гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцож буйдаа баяртай байгаа. Бид Баянзүрх дүүргийн VIII хороо, Батлан хамгаалахын их сургуулийн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж байна. 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгээд байна. Эхний ээлжинд 80 гаруй айл газраа чөлөөлсөн. Барилга баригдтал түр амьдрах байр түрээслэх мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Эдийн засгийн хямрал барилгын салбарт ч нөлөөлж байна. Борлуулалт тааруу байгаа болохоор барилга барихад хүндрэл учирч байгаа. Нийслэлээс төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулахад дэмжиж буй нь сайшаалтай. Нийслэлээс ингэж дэмжихгүй бол орон сууц худалдан авах чадвартай хүн цөөхөн. Хот байгуулалтын тухай хуулийг шинэчлэн батлахыг хүлээж байна. Тэгвэл эрх зүйн орчин бүрдэн, ажил үүргээ гүйцэтгэхэд ч их дөхөм болно.

БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИХ БОЛСОН НЬ МАШ ЗӨВ АЛХАМ

Ч.МӨНГӨНСҮХ (“Хера пропертийз” компанийн гүйцэтгэх захирал):

-Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан барилгын борлуулалтыг дэмжих болсон нь маш зөв алхам. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлаа тайлагнах үеэрээ борлуулалтыг дэмжих хэрэгтэй гэж санал хэлж байсан. Энэ саналаа нийслэлийн ЗДТГ-т тавьж байсан удаатай. Үүний дагуу журам гаргаж, орон сууцны борлуулалтыг дэмжих болсныг талархалтай хүлээн авсан. Манайх дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцаа ашиглалтад оруулсан анхны компани. Өнгөрсөн намар 189 айлын орон сууц борлуулахад хүндрэл учраагүй. Энэ жил 250 орчим айлын орон сууц барьж дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх сарын эхээр 80 айлын орон сууц ашиглалтад оруулна.

Үүний 20 орчмыг нь газраа чөлөөлж өгсөн иргэдэд өгнө гэж үзвэл үлдсэн байрыг нь борлуулна. Үүнд хүндрэл учирч болзошгүй гэх таамаглал бий тул нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээ цагаа олсон ажил болсон гэж дүгнэж байна. Зөвхөн манайх ч биш, цөөнгүй аж ахуйн нэгжид дэм болох байх. Эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед бага, дунд орлоготой иргэдээ байртай болгох нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ гэр хорооллыг барилгажуулж буй аж ахуйн нэгжийн борлуулалтад тусалж, эрэлт, нийл үүлэлтийн аль алиныг дэмжиж байна шүү дээ.

ӨНӨӨДРИЙН АСУУЛТ

Нийслэлийн орон сууцны корпорацаас төрийн албан хаагчдад зориулан орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй. Та энэ тухай дуулсан уу?

Д.Тогтохжаргал (Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтэн)

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд ярьж байгаа шүү дээ. Төрийн албанд ажиллаж байгаа хэрнээ байргүй олон хүн бий. Тиймээс энэ нь төрийн албан хаагчдыг дэмжсэн зөв зүйтэй хөтөлбөр гэж бодож байна. Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа ч ажилласан жил маань хүрэхгүй юм билээ.







 

Ш.Гансүх (Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн)

-Огт сонсоогүй юм байна. Бидний дунд байр авах бүү хэл орох оронгүй, аав, ээжтэйгээ хамт амьдарч буй олон хүн байна. Зарим нь хөлсний байранд амьдардаг. Юм бүхнийг төрийн албан хаагчдад гээд байдгаа болих хэрэгтэй. Бүгдэд нь боломж олгох хэрэгтэй шүү дээ.







 

Г.Болор (Чингэлтэй дүүргийн иргэн)

-Би төрийн албанд ажилладаггүй. Гэхдээ дэмжиж байгаа. Би ч гэсэн төрийн албан хаагч байсан бол энэ хөтөлбөрт хамрагдана. Гол нь үүнийгээ хэрэгжүүлж чаддаг л юм бол татгалзах хүн байхгүй байх. Өдгөө олон хүн байр авах хүсэлтэй ч мөнгө төгрөгийн боломжгүйгээсээ болж чаддаггүй.








 

Ц.Нарантуяа (Дархан-Уул аймгийн иргэн)

-Энэ тухай сонсоогүй. Дажгүй юм. Ялангуяа залууст хэрэгтэй хөтөлбөр байна. Би насаараа төрд ажилласан ч одоо болтол байргүй. Нөгөөтэйгүүр, төрийн албан хаагчдад гэж туйлшралгүй байргүй, байр авахыг хүсэж буй олон хүнд энэ боломжийг олговол зүгээр байх гэж бодож байна.