С.ОЧИРБАТ: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР БАРЬСАН ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР ХОТЫН ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРНА

2015-03-05 00:00:00

Манай Улаанбаатар хот өвлийн цагт утаагаараа дэлхийд тэргүүлдэг. Дулааны улиралд ч ялгаагүй, агаарын, гүний усны, хөрсний бохирдол гэж салж өгдөггүй шүдний өвчинтэй. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх хамгийн найдвартай арга бол гэр хороололд амьдардаг иргэдийг орон сууцжуулах явдал. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр томоохон ажлыг зориглон эхлүүлсэн билээ. Энэ ажил хэр ахицтай байгаа тухай нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай ярилцлаа.

-Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явц ямархуу байна вэ?

-Өнгөрсөн оны тавдугаар сард нийслэлийн ИТХ-аас энэ хөтөлбөрийг батлаад, хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийг үндсэн таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөр баталсан. Нэгдүгээрт, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах замаар иргэдийг орон сууцтай болгох. Хоёрдугаарт, иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, оршин суугаа байршилд нь төлөвлөлт хийж, ниймгийн асуудал, инженерийн дэд бүтцийг шийдсэн амины орон сууц бүхий хороолол бүтээн байгуулах. Гуравдугаарт, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах. Удаах нь шинэ суурьшлын бүс бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах, мөн ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг дахин төлөвлөж, шинээр барилгажуулах зорилготой хөтөлбөр юм. Энэ таван хэлбэрийг хооронд нь зохицуулах үүрэгтэй Нийслэлийн орон сууцны зөвлөлийг удахгүй байгуулна. Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн жил манай улс түүхэндээ анх удаа 20 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Энэ бол улсын комисс шалгаад, хүлээж авсан орон сууцны тоо. Үүнд мэдээж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд манлайлан оролцож байгаа. Мөн нийслэлээс санаачилсан хөтөлбөрийг дэмжин, өөрсдийн хөрөнгөөр дэнчин тавиад, төсөл хэрэгжүүлэгчээр оролцож байгаа корпорац, компаниудад талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгаа орон сууцнуудыг эхнээс нь ашиглалтад орууллаа. Одоо борлуулалтын тал дээр барилгын компаниудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Бид Монголын банкны холбоо, Монголбанктай хамтран дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцуудыг моргэйжийн зээлд хамруулах талаар гурван сарын турш судалсны эцэст харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Өнөөдрийн (өчигдрийн) нийслэлийн ИТХ-аар энэ тухай нарийвчлан хэлэлцэж, тусгай журам боловсруулах юм. Үүнд иргэдийг моргэйжийн зээлд хамруулахдаа урьдчилгаа төлбөрийг яаж хийлгэх вэ, үлдэгдлийг нь хэрхэн төлүүлэх вэ гэхчилэн олон асуудлыг тусгаж өгсөн.

-Моргэйжийн зээлд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ. Ямар шалгуур тавьж байгаа бол?

-Нэгдүгээрт, зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгаа орон сууцнуудыг уг зээлд хамруулна. Хоёрдугаарт, нийслэлийн төрийн албан хаагчид үүнд хамрагдах юм. Учир нь нийслэлийн зөвхөн боловсролын салбарт ажилладаг төрийн албан хаагчдын тоо гэхэд л 12 мянга гаруй. Тэдний 59 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас авах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч тэдний дөрөвхөн хувь нь л 30 хувийн урьдчилгаагаа төлөх боломжтой гэсэн. Тиймээс эхний ээлжинд энэ хүмүүсээ орон сууцаар хангах бодлого баримталж байна. Үүний тулд 30 хувиа төлөх чадваргүй иргэдийн урьдчилгааны тал мөнгийг нь нийслэлээс гаргая гэсэн бас нэг чиглэл оруулж ирсэн юм. Түүнчлэн энд нэг онцлог бий. Өмнө нь орон сууц авсан хүмүүст давхардуулж зээл олгохгүй гэсэн хатуу хязгаар байхгүй. Өөрөө байртай болсон хүн одоо үр хүүхдэдээ орон сууц авч өгөх эрх нь нээлттэй гэсэн үг.

-Орон сууцны хөнгөлөлттэй зээл гэхээр ихэвчлэн төрийн албан хаагчид руу чиглэдэг. Мэдээж орон сууцгүй иргэдийг байртай болгох гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэг хүн хоёр дахь орон сууцаа давхардуулж авч болно гэхээр учир дутагдалтай биш үү. Ядаж нийт орон сууцны төдөн хувийг л иргэдэд давхардуулж олгоно гэсэн хязгаар байхгүй юм уу?

-Төрийн албан хаагчдадаа бид хуучин шиг дугаарлуулж байгаад орон сууц өгч чадахгүй шүү дээ. Тиймээс тэднийг орон сууцтай болгох чиглэлээр боломжтой бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Тухайлбал, боловсролын салбарынхан хэдийгээр тогтмол цалинтай боловч түүнийгээ хураагаад 20, 30 саяд хүргэх боломж хомс учраас бид урьдчилгаа мөнгөнд нь дэмжлэг үзүүлэх гээд байгаа юм. Тиймээс орон сууцны зээлийн урьдчилгаа төлөхөд нь дэмжлэг үзүүлэх үүднээс 2015 оны фонддоо бид 15 тэрбум төгрөг суулгасан. Ийм маягаар төрийн албан хаагчдыг олноор нь орон сууцтай болгосноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ч хурдацтай урагшлах юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед шинээр барьсан орон сууцны борлуулалт тааруу байна. Тиймээс тэдгээрийг мөнгөн эргэлтэд оруулбал хотын эдийн засаг сайжирна. Тэр хэрээрээ улс орны эдийн засаг сэргэх хугацааг ч наашлуулах гээд олон талын ач холбогдолтой. Тэгэхээр хэн боломжтой нь байраа аваг л дээ. Тэгж байж барилгын компаниудын ажил ч урагшилж, мөнгө нь дотооддоо үлдэнэ шүү дээ. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл бол маш их нүсэр ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг би ганцаараа тооцоод хийчихсэн юм биш. Монголын банкны холбоо, Монголбанкныхан, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай зөвшилцөж байж хүрсэн шийдвэр. Цаашид Зээлийн батлан даалтын сан байгуулаад, үүнийгээ цэвэр зах зээлийн зарчмаар ажиллуулах чиглэл рүү явах юм.

-Моргэйжийн зээлд хамрагдах орон сууцны ам метрийн үнэ хэд байх вэ?

-Оны өмнөх судалгаагаар ам метр нь 1.4-1.5 сая төгрөг байх тооцоо гарсан. Сүүлийн үеийн дүн надад ирээгүй байна. Гэхдээ дээрхээс бууна уу гэхээс нэг их өсөхгүй болов уу.

-Эдийн засгийн хүндрэлээс болоод дараа дараагийн орон сууцны ашиглалтад орох хугацаа төлөвлөснөөсөө хойшлох хандлагатай байгаа гэсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж, ашиглалтад орсон орон сууцны борлуулалт яг ямар байгаа юм бэ?

-35-50 ам метр талбай бүхий орон сууц их сайн борлуулалттай байгааг барилгын компанийнхан хэлж байна лээ. Түүнээс дээш талбайтай болоод ирэхээр иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа гэсэн. Үүнийг манай төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийнхэн ч батлан хэлж байгаа.

-Барилгын компаниуд иргэдээс газрыг нь чөлөөлүүлж аваад орон сууц барихдаа сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж байгуулах зэрэг нийгмийн асуудлыг нь хамт шийдэх үүрэг хүлээдэг үү. Эсвэл нийслэл энэ ажлыг хариуцах ёстой юу?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн чиглэлийн барилгууд улсын төсөвт хамаардаг. Жишээлбэл, Долдугаар хорооллын зүүн хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилгууд бариад дуусаж байгаа шүү дээ. Тэндхийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг өнгөрсөн нэгдүгээр сард хүлээлгэж өгсөн. Одоо айлууд нь эхнээсээ байрандаа орлоо гэхэд хүүхдийн цэцэрлэг, бага сургууль нь хажуудаа бэлэн байгаа. Дараа дараагийн байршилд ч энэ янзаар байх юм. Харин ногоон байгууламж, орчны тохижилт, автомашины зогсоол зэргийг төсөл хэрэгжүүлэгч тухайн байгууллага хариуцах үүрэгтэй. Нийт газрын 30 хувьд нь ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой гэсэн журамтай.

-Түрээсийн орон сууцныхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу. 2018 он дуустал бараг 15 мянган айлын түрээсийн орон сууц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн үү?

-Түрээсийн орон сууц бол дэлхийн томоохон хотуудад байдаг орон сууцны хангамжийн нэг хэлбэр. 2016 он хүртэл жил бүр 1000, 2017-2020 онд жил бүр 2000 айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулахаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Эхний ээлжийн орон сууцаа ашиглалтад оруулж, халамж зайлшгүй шаардлагатай ахмадуудад зах зээлийн үнээс 3-4 дахин хямд үнээр түрээслүүлсэн. Энэ жил 370 шахам орон сууц ашиглалтад орох ёстой. Үүнийг хот өөрийн хөрөнгөөр барьж байгаа. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр үргэлжлүүлэх үү, эсвэл зөвхөн хувийн хэвшлийнхнийг татан оруулаад, Нийслэлийн орон сууцны зөвлөлөөр дамжуулан зохицуулалт хийлгэх үү гэдгийг эцэслэн шийднэ.

-Амины орон сууцтай болохын ач холбогдлыг иргэд нэг үеэ бодоход илүү их ойлгож эхэлж байгаа нь анзаарагддаг. Энэ чиглэлийн ажил хэр урагштай явж байна вэ?

-Газар шинэчлэн зохион байгуулж, иргэдийг амины орон сууцтай болгох ажил их онцлогтой. Иргэн өөрийнхөө газар дээр хөрөнгө оруулагч нь болоод ажиллах ч боломжтой. “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ байгуулагдаад удаагүй байхад иргэдээс 22 мянга гаруй хүсэлт ирсний 70 гаруй хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууцтай болох саналтайгаа илэрхийлсэн байдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны голлох зорилт дэд бүтцийн асуудлыг нь шийдсэн амины орон сууцаар иргэдээ хангахад чиглэнэ. Тухайн газар дээр нь хэсэгчлэн төлөвлөлт хийгээд, орон сууцжуулах чиглэлийн ажлыг энэ онд төвийн зургаан дүүрэгт эхлүүлнэ.

Л.ГАНЧИМЭГ