Академич Ж.Амарсанаа: Хотын хүн гэж сэтгэхүй нь нүүдэлчин, амьдрал нь суурьшмал эрлийзүүд

2014-12-03 00:00:00

“Улаанбаатарын сонин”-ы энэ дугаарын зочин Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Жүгнээгийн Амарсанаа. Монголын төр, хууль, эрх зүйн салбарын ноён оргилуудын нэг түүнтэй хот, нийслэлийн тухай сэдвээр хөөрөлдөв.

 

ХОТОО НҮҮЛГЭВЭЛ НЭРИЙГ НЬ СОЛЬЖ БОЛНО

 

-Та уг гарлаараа  хаанахын хүн бэ. Улаанбаатарт төрсөн гэдэг ч, Увсынхан таныг өмчлөөд байдаг юм билээ?

-Миний аав ээж хөдөөний хүмүүс. Аав угсаа гарлаараа ойрад хүн. Ойрад дотроо дөрвөд. Увсын Давст сумынх. Ээж Увс аймгийн Улаангомынх. Харин би хотод төрж өссөн, “нийслэл хүү”. Арван хүүхэдтэй айлын долоо дахь нь. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй.

-Хотын яг хаана төрж өсөв?

-Ногоон нуурын хүүхэд шүү, би. Одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн баруухан хойно зун нь улс завиар явдаг, өвөл тэшүүрээр гулгадаг том нуур байсан гэвэл одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ. Тэр нуурын далан дээр нь гарч ирээд харахад сүрддэг л байсан даа, хүүхэд байхдаа. Сургууль соёлд ч тэр хавьдаа сурсан.

-Тэр хавийн гэхээр 49, 17 гээд хэд хэдэн сургууль бий байх шүү?

-17 дугаар сургуульд аравдугаар ангиа төгсөөд МУИС-д орсон. Төгсөөд сургуульдаа багшилсан. Дараа нь Шүүх яам руу очсон гээд ер нь бол нийслэл хүү нийслэлээсээ холдоогүй амьдарч ирсэн.

-Холдохсон гэж бодож байсан уу?

-За үгүй дээ. Өвөл болохоор л утаанаас холдож хотын зах руу амьдрах тухай боддогоос өөр газарт амьдрах тухай огт боддоггүй.

-Улаанбаатар гэдэг нэрийг сонсоод таны санаанд хамгийн түрүүнд юуны тухай бодол орж ирдэг бол?

-Улаанбаатар гэхээр нийслэлийн тухай ярих ёстой юм. Улс болгон өөрийн нийслэлтэй. Нийслэл нь чухам ямар байхыг  Үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Нүүлгэж шилжүүлж, өөрчилж болдог. Жишээлбэл, Казахстан нийслэл Алматыгаа Астана болгосонтой адил.

-Үндсэн хуульд нийслэлийн тухай яг юу гэж заасныг та тодотгооч?

-Үндсэн хуулийн арвангуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж байгаа. Бусад улсууд ч ялгаагүй Үндсэн хуульдаа энэ утхай оруулсан байдаг. 1990-ээд оны эхээр хоёр Герман нэгдэхэд Берлин рүү бүх яам, тамгын газрууд нь орж ирж төвлөрөхөд Үндсэн хуулийн шүүх нь “Бид очихгүй ээ, хараат бус байна” гээд Карлс-руэ гэж өөр хотод үлдсэн байдаг. Германы төрийн том байгууллагуудад нь Үндсэн хуулийн шүүх нь ордог. Манайхаар бол Цэц шүү дээ.

Оросууд Үндсэн хуульдаа төрийн дээд байгууллагууд төвлөрсөн хотоо  нийслэл гэнэ гээд заачихсан байгаа. Энэ нь юу хэлж байна гэхээр олон хүн байдаг газрыг биш, ус байдаг газрыг ч биш, цахилгаан станц байдаг газрыг биш, төрийн дээд байгууллага байдаг газрыг нийслэл гэнэ гэчихсэн байгаа биз.

Энэ бол дэлхийн тодорхойлолт. Гурван жилийн өмнө Оросын Үндсэн хуулийн шүүх хараат бус байх үүднээс Санкт-петербург хот руу нүүсэн. Хараат бус байж байна шүү дээ.

-Манай Цэц тийм байж чаддаг уу?

-Мини түвшинд ч бол чадаж байгаа биз дээ. Улсдаа, нийслэл хотдоо ч гүүр даваад уулын аманд төрийн байгууллагуудаас хол, өөрийн гэсэн байр байшинтай.

 

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ  ШАВ ТАВЬСАН ГАЗАР Л НИЙСЛЭЛ ГЭЭД ОЙ ТЭМДЭГЛЭДЭГ НЬ БУРУУ

 

-Тун саяхан нийслэлийн 375 жилийн ой боллоо. Нижгэр тэмдэглэлээ. Манай нийслэл 375 жилийн настай нь үнэн үү. 1924 онд л нийслэл гэдгийг Улс тунхаглахдаа зарласан юм биш үү?

-Би энэ тэмдэглэдэг ой энэ тэр дээр арай өөр бодолтой байдаг хүн. Монгол Улсын нийслэл чинь Хархорин. Тиймээс нийслэлийнхээ насыг Хархорин хэдийд үүссэн бэ гэдгээс эхэлж тооцох ёстой юм. Гадаадынхан түүхээс манай нийслэлийг Хархорин гэж ойлгодог. Одоо энэ Хөх нуурт амьдарч байгаа тав, зургаан зуун жилийн өмнө тэнд үлдсэн өвөрлөгчдийн үр хүүхдүүд “Бурхан Халдун уул байгаа биз дээ”, “Хархорин нийслэл маань байгаа биз дээ”, “Монголчууд биднийг авна гэсэн. Авахгүй байна” гэж ярьдаг гээд бод л доо. Тэд л гэхэд Монголын нийслэл Хархорин гэж мэдээд байна. Хубилай ах дүү нартайгаа муудалцаад урагшаа Юан гүрэн үү, Бээжин рүү зугтахад Монголын нийслэл Хархорин байсан гэж түүх яриад байна шүү дээ. Тэгэхэд нийслэл тэр биш, лам Өндөр гэгээний  шав тавьсан газар л нийслэл гээд ой тэмдэглэдэг нь буруу юм. Зөв тэмдэглэх ёстой. Ганц хот ч биш олон зүйл дээр бид ойгоо буруу тэмдэглэдэг.

Монголчууд Чингисийн үед цэрэгтэй байсан мөртлөө Зэвсэгт хүчний 80 жил гэж тэмдэглэдэг нь инээдтэй биз. Бас Гаалийн албаны 90 жил гэнэ. Гааль Монголд эрт үед байсан шүү дээ. Зарим байгууллага үүсэл хөгжлөө 1921 онд биш гээд 1911 оноор бодож арван жил нэмээд ойгоо тэмдэглэж байна. Бүр илүү цаашлуулж үзэх ёстой.

-Улаанбаатар гэдэг нэрийн тухайд танаас эхэлж асуусан даа?

-Дээд-Үүд, Замын-Үүд  гэж хойно урдаа хоёр хаалгатай, дунд нь Улаанбаатар гэж хоттой биз дээ, Монгол Улс. Хятадтай залгаа хаалгаа Замын-Үүд, Оростойгоо Дээд-Үүд гэдэг байсан. Харин Октябрий  н хувьсгалын дараа “Дээд” гэдгээ “Улаан” болгохдоо урт эгшиггүй слав хэлтнүүдийн улсын жишгээр “Үүд” биш “Үд” болоод Улан-Үд гээд нэрлэчихсэн.

Ингэхээр монголчуудын нэг хаалга Замын-Үүд, нөгөөх нь Улан-Үд гэдэг болжээ. Ер нь бол оросуудын үг л дээ. Жишээ нь, улаан булангийн тухай ярьж болно. Оросууд байшинд амьдардаг. Байшинд нь бурхнаа өлгөдөг шашны булан гэж байдаг. Түүнийгээ тэд сүүлдээ “Улаан булан шүү” гэдэг болж. Манайхан түүнийг нь олон нийтийн газар болгоод “Улаан булан”-тай болчихсон. Байшингүй болохоор эхэндээ “Улаан гэр” гэж нэрлэж байсан биз дээ. Улмаар урлаг, уран сайхны ажил явдаг газраа буюу клуб, соёлын ордноо тэгээд нэрлэчихсэн.

Түүнээс биш улаан байшинг юм уу гэрийг тэгж нэрлээгүй юм. Үүнтэй адилхан манай нийслэлийн нэр дэх “Улаан” гэдэг үг өнгөтэй огт хамаагүй юм. Коминтернийн төлөөлөгч Рыскулов гэж орос нэртэй казах хүн Нийслэл хүрээ гэж байсныг 1921 онд хувьсгал ялж, гавьяа байгуулсан баатар хот учраас Улаанбаатар гэж нэрлэе гэсэн гэдэг. Тэгэхээр Улаанбаатар гэдэг бол тэр хүний өгсөн нэр. Нэг онигоо шиг юм ярих уу.

-Тэг л дээ.

-Би 1990-1992 онд Хууль зүйн сайд байлаа. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байв. Уртнасан гуайгаар даргалуулсан Үндсэн хуулийн комисс ажиллаж төслийг нь боловсруулан АИХ-ын чуулганаар батлуулсан юм. Тэр төслийг хэлэлцэж байхад П.Улаанхүү депутат босоод “Нийслэлийнхээ нэрийг өөрчилье. Улаанбаатар гэдэг коммунист нэрийг сольё” гэдэг юм. Тэгтэл зүүн талын микрофон дээрээс зохиолч Л.Одончимэд “Дарга аа, дарга аа, би ганц үг хэлчихье” гээд. Тэгээд юу гэсэн гээч. “Улаанхүү чи, эхлээд нэрээ сольчих. Тэгээд Улаанбаатарын нэрийг дараа нь солиул” гэж билээ.

-Ер нь Улаанбаатар гэдэг нэрийг солих шаардлага байгаа юу?

-Хотоо нүүлгэвэл нэрээ сольж болно. Түүнээс биш Улаанбаатар гэдэг нэрийг солиод ямар ач холбогдол байгаа юм бэ. Өнөөдөр дэлхий даяар л улаан өнгөнд дуртай байна шүү дээ. Улаан өнгө хаа сайгүй  байна. Орос коммунизмаас салсан ч улаан өнгө нь байж л байгаа. Америкийн туганд улаан өнгө байж л байна. Гэхдээ өнгөндөө биш л дээ. Улаан гэдгийг коммунист үзэлтэй холбоод байгаа юм. Би АИХ-ын даргын зөвлөх байхдаа хөдөөний нэг депутатад баахан загнуулсан.

-Юунаас болж вэ?

-Төрийн сүлд ямар байх тухай хэлэлцэж байсан юм. Баахан хүмүүсийн зурсан зураг авчраад дэлгэлээ. “Шонхор шувуу манай төрийн сүлд байна. Ганц шувуу байхад хангалттай” л гэцгээв. Мориор яах юм боллоо.  Тэгтэл нэг депутат “Ерөөсөө 1960 оныхоо сүлдийг хэвээр нь байлгая. Таван хошуунд нь дургүйцээд байгаа бол авчих нь л биз. Гоё нарыг нь байлгая” гээд. Би эрхзүйн багш учраас хэрвээ ингэвэл тайлбараа яаж хийх юм гэж асуулаа.

Тэгээд “1960 оны Үндсэн хуульд “коммунизмын ургах наран өөд уурга барин давхиж яваа хөдөлмөрчин ард” гэж тайлбарласан байдаг. Үндсэн хуульд байгаа” гэтэл “Чи юу ч мэдэхгүй байж битгий худлаа ярь, яах гэж ингэж үзэл суртал яриад байгаа юм, юуг нь та нар коммунизм гэдэг юм” гээд тас загнасан. Би ч дуугүй болсон л доо.

Улаан гэдгийг заавал улаан коммунист гэх. Улаан капиталист байж болно шүү дээ. Оросууд Улаанбаатарыг “Улан-Батор” гээд байгаа юм. Зөв бичиж, зөв яриулж сургах хэрэгтэй. Улаанбаатар гэж. Баатар гэдэг бол санскрит үг. Энэтхэгээс гаралтай. Түрэгээр дамжиж орж ирсэн үг.
 

ДАМБАД, ХАШААНДАА Л БАЙХ ДУРТАЙ
 

-Та ер нь алхах дуртай юу. Ялангуяа хотын төвөөр алхдаг уу?

-Алхахгүй байна. Залуу байхдаа тамирчин байлаа. Манай гэр Таван буудалд болохоор оюутан байхдаа ч автобус унаанд суудаггүй. Хичээлээ тараад гэр рүүгээ алхчихдаг байсан. Бараг таван км газар шүү дээ. Одоо бол больсон. 

-Алхах зав алга уу, газар олдохгүй байна уу?

-Би ч ер нь сүүлийн үед суух, хэвтэх гэсэн хөдөлгөөний хоёр л хувилбартай болжээ. Таван хувь нь л босоо юм уу даа. Хаа газар л хурал цуглаан гээд цаг боломж нь ч алга. Өглөө ирээд л суучихна. Орой нь гэр рүүгээ явна. Өдөр  салхинд гарч, хоол идчихээд таван минут алхана барина гэсэн юм алга. Уг нь алхвал орчин зөндөө байна л даа. 

-Та хотын хаана очих дуртай вэ?

-Дамбадаржаад хашаатай. Тэндээ л байх дуртай. Борчуудын хороо, хашааны хүүхэд чинь тэндээ л дасна шүү дээ. Амар байдаг юм, өөрийнхөөрөө.

-Гадаадад очиж амьдаръя гэж боддог уу?

-Үгүй, тийм юм байхгүй. Бүр залуу, 25 настай байсан бол одоогийн залуучууд шиг Солонгос яваад л, мөнгө хийгээд. Мөнгө цуглуулангуутаа Америкт очоод амьдарч чадна. Одоо бол хэрэггүй шүү дээ.

Хүнд болзолт рефлекс, нөхцөлт рефлекс гэж байна. Болзолт рефлекс бол бий болсон байна. Нөхцөлт рефлекс яваандаа бий болдог.

Өдий 60 хүрчихээд би гадаад яваад, тэнд хоногийн 18 цагт нь ажиллаад нойртой, нойргүй явна гэж байхгүй. Чи гадаадад амьдарч байгаа хүүхдүүдийг хар даа. Яагаад тэд Монголоо, нутгаа санаад байна. Хотын төвд амьдарч байсан хүн бол тэнд нь адилхан л хот учраас амьдраад болоод байна. Харин хөдөө, байгаль, гол нуур, ан амьтан, загас жараахай харж өссөн хүн тэр бүгдийгээ үгүйлнэ биз дээ. Тэгэхээр нутгаа санахаас яах вэ.

-Та хотынхноос илүү хөдөө төрсөн хүн эх орноо мэддэг гэж хэлэх гээд байна уу?

-Яах аргагүй л тийм байдаг. Хөдөө төрсөн хүн илүү эх орноо мэддэг. Хилийн цэрэгт алба хаачихсан, адуу мал хариулж, ааруул ээзгий идэж өссөн хүүхэд эх орон гэж илүү мэдээд байна. Хотынхонд тийм юм байхгүй шүү дээ. Хөдөө төрсөн хүн хотод ирж суурьшаад гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно. Гэтэл хүүхэд нь хөдөө очоод өвс хатгаад байна, ялаа идээд байна, бушуухан буцая л гэдэг биз дээ. Гэтэл аавд нь өвс нь хүртэл сайхан, тэрийгээд хэвтээд өгнө. Ялгаа гарч байгаа биз дээ. Цагаан сар, шинэ жилээр “боузы” гэдэг хятад хоолоор манайхан баярладаг. Наадмаар “хоошоу” гэдэг хятад хоолоор баярладаг улс, бид. Холоос ирсэн ачаа баярлуулах гээд “боузы”-гаа өгөхөөр өнөөх нь идэж чадахгүй, бушуухан явъя болно. Өвс нь хүртэл хатгаад.

-Таныхаар хотын хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Эрлийз хүнийг.

-Юу гэсэн үг вэ?

-Гэхдээ би үүнийг цус холилдсон гэдэг утгаар хэлж буй юм биш. Иргэншсэн байдлаар нь хэлж байгаа юм. Сэтгэхүй нь нүүдэлчин, амьдрал нь суурьшмал маягтай. 1976 онд НҮБ дэлхийн хүмүүсийг иргэншсэн байдлаар нь хуваасан байдаг юм. Тэр өнөөг хүртэл нэг их өөрчлөгдөөгүй. Түүгээр бол дэлхийд 50 гаруй сая хүнтэй 40 орчим улс нүүж амьдарч байна. Монгол Улс хагас нүүдэлчин. Хагас нь суурин газар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд, хагас нь хөдөө амьдардаг.

Хотын бид 22 цаг болчихвол утсаа авахыг хүсдэггүй, тайван байхыг боддог биз дээ. Гэтэл 23 цагт манай, танай сумын бага сургуулийн найз үүд нүдэж мэднэ.  Онгойлгоход нэг гожгор юм ороод ирнэ. Гожгорын араас найз, найзын араас танихгүй гурван нөхөр. Шөнө орж ирж байна шүү дээ. Ийм л нүүдэлчид шүү дээ, бид. Дээр нь хөдөөний хамаатны хотод суух оюутан хүүхэд танай гэрт амьдарна.

Хөдөө очъё, хөдөөний ариун сайхан хүмүүс одоо яаж байна. Гар утастай. “Би тийшээ гурван адуу гүйлгүүлчихлээ, чи замаас нь аваад нухаад зарчихаарай” гэдэг. Малд явдаг мотоцикльтэй байсан бол одоо жийпээр хонио эргүүлдэг. Морь ачдаг “Бонго”-той, жийпнийхээ араас хятад тармууртай. Хагас суурьшмал амьдралд орж байгаа биз. Америкийн төслөөр малчдын бүлэг байгуулна, бүлэг байгуулангуутаа эргэн тойрныхоо газрыг хашаад авна. Хүн оруулахгүй, тэндээ ногоогоо тарина, малаа адгуулна. Нүүдэлчдийн систем алга болж байна. Хятад яагаад тэмээ, адуугүй болсон, хашиж аваад, урт хөлийн мал байхгүй, явах газаргүй. Хашаанд орохоор өвс байхгүй, өөр хүнээс өвс худалдаж авна. Австрали, Дани, Тува бүгд тийм болсон. Бид яг тэр замаар явж байгаа хагас нүүдэлчид.

 

МАНАЙХАН ХОТОО БАЙХГҮЙ БОЛГОЧИХСОН

 

-Тэгвэл хотын иргэн гэж ямар хүнийг хэлэх вэ. Тодорхой ойлголт байна уу?

-Иргэншил гэдэг бол зөвхөн суурин хүмүүст байдаг. Иргэншихэд газар дээр байшин барьсан байх хэрэгтэй. Энэ бол энэ хүний оромж, дор нь байгаа газар нь энэ хүний мэдлийн үл хөдлөх хөрөнгө. Гэхдээ хязгаартай, доошоо ухаад алт малт гаргаж болохгүй. Худаг ухвал засгаас зөвшөөрөл авч ухна. Энийг иргэншил гэнэ. Египет, Грекээс дамжаад ромууд дэлхийд тараасан, үүнийг иргэншил гээд байна.

Хот гэдэг бол иргэншлийн төвлөрөл. Яагаад өнөөдөр настай хүмүүс хотын зах руу, залуучууд төв рүү тэмүүлээд байна. Иргэншил рүү төвлөрч байна. Япон, Израильд очиход ч хотын захад хөгшчүүл, залуучууд  нь хотод. Ажилгүй хэрнээ тэндээс явдаггүй нь залуучууд иргэнших гээд байгаагийн илрэл шүү дээ. Хүн хоорондын харилцаа үүсгэх гээд байна.

Хүн гэдэг чинь нийгмийн амьтан. Хүн хүнтэйгээ харилцаж байх ёстой. Энэ хаана илэрч байх ёстой вэ, суурин газарт л илэрч байх ёстой. Тэгэхээр бид хотыг хөгжүүлэх ёстой. Хот байх ёстой гээд Бат-Үүл дарга зөв яриад байгаа юм.

-Монгол Улсад хот байгаа юм уу?

-Манайхан чинь хотоо байхгүй болгочихсон. Үндсэн хуульд аймаг, нийслэлтэй байна гэчихсэн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр яривал Монголд хэдэн ч хот байж болно. Нэгэнт хот гэж байхгүй болохоор ирээдүйд босох хотуудаа бас л аймаг гэх үү. Тавантолгой аймаг, Оюутолгой аймаг гэх юм уу.

Өмнөговь аймгийн нутагт Оюутолгой хот, Тавантолгой хот гэж байх ёстой биз дээ. Хотод хүн цуглана, иргэншил бий болно, соёл бий болно. Ингэж хөгжинө.

-Тэгвэл хотын соёл гэж юуг хэлэх вэ?

-Соёл яах вэ, соёл бол ерөнхий, их том ойлголт. Манайх соёлыг урлаг соёл гээд дандаа уран сайхан тал руу нь хардаг. Хоол идэх соёл байна, спорт өөрөө соёлтой, хууль өөрөө соёлтой, эрх зүйн соёл гэж байна. 

-Эрх зүйн соёл гэж бас байна уу?

-Хүн гурван  юман дээр тогтож амь­дардаг. Ёс суртахуун, заншил, хууль гэж.

Заншил, ёс суртахуун хоёроо хууль нь хамгаалж байх ёстой. Хуулийн хүрээнд хамгаалагдаж байх ёстой. Ёс суртахуун хуульд баригдах албагүй. Харин ёс суртахуун, заншлаа хууль нь л хамгаалах ёстой.

-1990 оноос хойш манай Улаанбаатарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юу байна, таныхаар?

-Хамгийн том бүтээн байгуулалт бол хотын хүн бий болж хөгжсөнийг хэлнэ.  Манайхан нүүдэллэхдээ буйраа цэвэрлээд, үнс нурмаа унтраагаад орчинд нь хог үлдээлгүй цэмбийлгээд хөдөлдөг байсан гэдэг. Гэтэл одоо тэр уламжлалаа гээгээд хаа таарсан газраа хогоо хаяад байна гэх юм. Энэ чинь нөгөө л бидний нүүдэлчин араншингийн илрэл шүү дээ. Ийм жишээ олон байна.

Тухайлбал, япончуудыг ой руу ороод морь хар гэвэл, тэнд жорлон алга гээд буцаад ирнэ. Гэтэл манайхан хаа ч хамаагүй бие засчихдаг биз дээ. Энэ бол нүүдэлчдийн буруу биш. Тэдэнд боловсон жорлон байтугай нь ч байгаагүй. Тийм учраас өнөөдөр нүүдэлчдийн технологи энд орж ирчихээд, нулимдаг, хог хаядаг, гарцгүй газраар тоох ч үгүй зам хөндлөн гардаг гээд олон юм байгаа нь нүүдэлчин сэтгэхүйгээс л болж буй хэрэг.

Гэтэл өнөөдөр хөдөө явсан ч, салхинд гарсан ч залуучууд шал өөр болчихож гэж олон хүн хэлж байна. Тэд хогоо цэвэрлэж мэддэг, нэг үгээр соёлтой болсон. Одоо бол яг үнэндээ 35-аас дээш насныханд өнөөх нүүдэлчин араншин илүү илэрдэг. Тэд л нулимдаг, хаядаг, орилдог, чарладаг. Түүнээс залуучууд шал өөр болсон учраас би 1990-ээд оноос хойшхи том бүтээн байгуулалт бол хотын хүн, хотын соёлыг бий болгож түүндээ таарсан хүмүүстэй болсныг л хэлнэ.

Хамгийн наад зах нь зүлгэн дээр гишгээд явдаг байсан бол цэцэг ургуулдаг, хүнд бэлэглэдэг, нөгөөх нь авч сурч байна. Энэ хүнд ийм өнгийн цэцэг өгөх ёстой, багшдаа шар, хуриманд цагаан цэцэг ч гэдэг юм уу хэрэглээний асар том соёл нэвтэрч байна шүү дээ. Хэрэглээгээ дагаад хүний соёлыг бид бүтээн байгуулжээ. Түүнээс энд тэндгүй барьсан өндөр гоё байшин бол сонин биш.
 

Ц.ГАЛБАДРАХ