Цасаа цэвэрлээгүйгээс хальтирч гэмтвэл нөхөн төлбөр төлүүлнэ

2014-12-02 00:00:00
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцахаар болсон билээ. Энэ дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсүүдэд хариуцуулахаар болсон байна.
Харин нийслэлийн хэмжээнд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагуудаас автозам дээр хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж төлөвлөгөөний дагуу 716.6 тн бодис, 1137.7 тн давс, 160.3 тн элс дайргыг бэлтгэн нөөцөлжээ. Хэрвээ аж ахуйн нэгжүүд ажлын байрнаасаа 50 метр хүртэлх цасаа цэвэрлээгүй тохиолдолд хүн унаж бэртвэл хариуцлага хүлээх юм. Өерөөр хэлбэл, гаднахь орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцахаар болсон.
Ингэхдээ гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгжээс гаргуулах юм. Энэхүү журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих юм байна.

С.ГАН