Нийслэл дөрвөн улирлын МӨСӨН ГУЛГУУРТАЙ болно

2014-11-26 00:00:00

Зуны аагим халуунд мөсөн каток дээр сэрүү татуулан гулгахсан гэж мөрөөдөж байсан л биз дээ. Шорт футболкатой хүмүүс сүлжилдэн гулгахыг кинон дээрээс л олонтаа харж байлаа. Гэхдээ энэ бүхэн одоо боломжгүй зүйл биш болжээ. Зуны халуунд ч, өвлийн хүйтэнд ч тасралтгүй ажиллах мөсөн коток нийслэл хотод тун удахгүй нээгдэх гэж байна.

Тус каток нь Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрний баруун талд баригдаж буй “Хүннү молл”-ын нэг давхарт байрлах аж. Дэлхийн жишигт хүрсэн “молл”-ын үйлчилгээний нэг том шалгуур нь дотроо мөсөн гулгууртай байх. Тиймээс “Хүннү молл” ХХК орчин үеийн стандартад нийцсэн, энтертайнмент төвүүд хосолсон моллын үйлчилгээ үзүүлэх гэж буйгаараа Монголдоо анхдагч болж буй аж. Тус дэлгүүр нь 800 хүний суудалтай “multifunctional” кинотеатр, тоглоомын парк, “Хүннү” цэцэрлэгт хүрээлэн, дотор каток гэх мэтчилэн нэг дор бүх зүйлийг цогцлоожээ.

Мөсөн каток нь 400 м2 талбай бүхий нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. Монголд анхдагч болж буй дотор катокыг Европын техник, тоног төхөөрөмж  ашиглан ОХУ-ын мэргэжлийн инженерүүд гүйцэтгэжээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 90-ээд хувьтай яваа бөгөөд 12 дугаар сарын сүүлээр ашиглалтад орох юм байна. Мөн катокын захилан ирүүлж буй тэшүүрийн хэрэгслүүд бүгд Европын орнуудаас нийлүүлэгдэж буй аж. Таван настай хүүхдээс эхлээд бүх насныхан гулгаж, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой юм байна.

Мөсөн мөсөн гулгуур байнгын ажиллагаатай болсноор сургалт, тэмцээн уралдаан гэх мэт энэ төрлийн спортыг сонирхон хичээллэдэг хүн бүрт нээлттэй ажиллахаар төлөвлөж байгаа талаар “Хүннү молл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн П.Амарцэцэг хэллээ.

Моллоор нь тухайн улс орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн амьдралын хэв маяг, онцлогийг харж болдог гэдэг. Цаашид нийслэл хотод өөр олон молл баригдаж, шинэ содон үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх биз ээ.

Д.ТҮВШИН