Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-12-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/23 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цощолборын барилга барихад төлөвлөгдсөн 220,0 /хоёр зуун хорин/ сая төгрөгийг тус дүүргийн 16 дугаар хорооны хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга барих ажилд шилжүүлэн зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, зөвшөөрсүгэй.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 39 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР