Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шаврын орд ашиглаж буй тоосгоны үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                         А/635                                                                           Улаанбаатар  хот
 
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шаврын орд
ашиглаж буй тоосгоны үйлдвэрүүдийн талаар
авах зарим арга хэмжээний тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “н”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 50.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            Нэг. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн шалгалт явуулах ажлын хэсэг байгуулагдан, удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж, шалгалтын дүнг хэлэлцээд, дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг даалгасугай.
 
            1.Монгол улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулах, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага” MNS4990:2000, “Керамик тоосго ба гулдмай, Техникийн шаардлага” 0138:2010 стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэргэжлийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах, эвдрэлд орсон газрын хэмжээг тогтоолгож, нөхөн сэргээлтийн ажлыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.
 
            2.Ажлын үр дүн болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах санал боловсруулж түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, цуцлах үүрэг бүхий зөвлөлд танилцуулахыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т үүрэг болгосугай.
 
            Хоёр. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд  даалгасугай.
 
 
 
                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ