Хөтөлбөр, журам батлах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                        дугаар А/451                                                  Улаанбаатар хот


Хөтөлбөр, журам  батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4,  Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Монгол Улсын Их  хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын Их  хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Засгийн газрын 2003 оны Хөтөлбөр батлах тухай 160 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ыг хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” журмын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад хүргэн сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан тогтмол хяналт тавьж ажиллахыг дүүргийн засаг дарга нар болон  нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн /-т үүрэг болгосугай.

3. “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.

4. “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.  




НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                    Э.БАТ-ҮҮЛ
  




Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 30-ны өдрийн
А/451 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт




”НИЙСЛЭЛИЙН ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ”  ДЭД ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг боловсруулан гаргасан боловч нийслэлд түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай уялдуулан тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхийн тулд “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

“Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр нь Монгол улсын Үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, болон Монгол Улсын Их  хурлын 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Төрөөс  мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого”, “Монгол мал”  хөтөлбөр, Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батласан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр болон эдгээртэй нийцүүлэн  гарсан хууль тогтоомжийн бусад эрхийн актаас бүрдэнэ.

  Хоёр . Хөтөлбөрийн зорилго, зорилт

Хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэх, фермүүдийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хэрэгцээг хангахад хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.

2.1.Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулна.
2.2. Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтооно.
2.3. Нийслэл орчимд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор аж ахуйг хөгжүүлэн, фермер эрхлэгчдийг хоршин ажиллах санаачлагыг дэмжинэ.
2.4.Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Гурав.Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үе шатууд

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр нь дараахь үе шаттай байна:

1 дүгээр үе шат-2014-2018 он: Нийслэлийн Мал аж ахуй эрхлэх бүс нутгийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр  байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

2 дугаар үе шат-2019-2023 он: Улаанбаатар хотын таталцалын бүсүүдийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг өргөжүүлэх, орон нутгийг түшиглэн хөгжүүлнэ.


Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрийн 2.1-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам боловсруулах;
4.2.   Эрчимжсэн мал аж ахуй түүний үйл ажиллагааны стандартыг бий болгох
4.3. Мал хамгаалах сан, сангийн журам боловсруулах;
4.4. Мал аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг дэмжих журам боловсруулах;
4.5. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүс нутаг тогтоох;
4.6. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зээлийн сангийн үйл ажиллагааны журам боловсруулах;

Хөтөлбөрийн 2.2-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журамд заагдсан бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг цогц хэлбэрээр хөгжүүлнэ.
1.1.2 Багануур, Налайх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөв хийлгэх;

Хөтөлбөрийн 2.3-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.3.1. Өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн ажил, үйлчилгээний зориулалтын багаж, тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх ;

4.3.2. Таталцлын бүс болон нийслэлд мал аж ахуй эрхлэх зөвшөөрөгдсөн бүсэд эрчимжсэн аж ахуй эрхлэх нутгийн хил заагийг нарийвчлан тогтоож, хяналтанд авах;

4.3.3.Сүү, махны чиглэлийн төрөлжсөн цогцолбор аж ахуй болон гахай, тахианы фермерийн аж ахуй байгуулах төслийг сонгон шалгаруулж,  дэмжлэг үзүүлэх;

4.3.4. Эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бүс нутагт олон улсын жишигт нийцэхүйц үржил селекцийн чиглэлийн аж ахуй, явуулын үйлчилгээг бий болгох;

4.3.5. Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр гадаадаас авах, үржлийн материал солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах;

4.3.6. Цөм сүргийн малд зохиомол хээлтүүлэг хийх, үр, хөврөл үр шилжүүлэн суулгах зэргээр өсвөр мал бойжуулан борлуулах ажлыг дэмжих;

4.3.7. Эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувуу, загасны аж ахуй эрхэлж байгаа аж ахуйг дэмжих зээлийн санг жил бүр засгийн газрын хөтөлбөрт тусгасан санхүүгийн  эх үүсвэртэй байгуулж,  дараах төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна. Үүнд;

  а/ Нийслэлийн хүн амын сүүний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн фермийг “Ферм хотхон” болгож суурин, хорших хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх,
  б/ Жилд нэг бүр нь 6000-аас доошгүй литр сүү өгдөг 50-аас доошгүй тооны үнээтэй, үхрийн дулаан байртай, хүрэлцэхүйц хэмжээний тэжээл бэлтгэх талбайтай  цогцолбор ферм байгуулах ажлыг дэмжих
  в/ Сүүний үүлдрийн  үнээг жил бүр гадаад орнуудаас үе шаттайгаар оруулж ирэх асуудлыг дэмжих;
  г/ Жил бүр 50, 100, үнээ бүхий эрчимжсэн фермийг байгуулах
 д/ Эрчимжсэн мал аж ахуйн стандарт шаардлага хангасан, мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрөл бүхий /лиценз/ фермерүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  е/ Фермүүдийг өргөтгөх, шинээр ферм байгуулахад дэд бүтэц, газрын асуудлыг шийдвэрлэх;
  ё/ Мах,сүүний чиглэлийн 50, 100, 300 үхрийн цогцолбор аж ахуй, сүү боловсруулах хүчин чадалтай цех, сүү, сүүн бүтээгдэхүүний хөргөлттэй агуулах байгуулах чиглэлээр ТЭЗҮ-г боловсруулах;
  ж/Сүүний цогцолбор фермийн макет хийх;

4.3.8. Малын төрөл, ашиг шимийн чиглэл, түвшинд тохирсон төгс чанарын тэжээлээр хангах нөхцөл бүрдүүлэх;

4.3.9. Тэжээл өвс бэлтгэх хурдавчилсан техинологи нэвтрүүлж, өндөр нягтралтай  боох, нийлэг уутанд дарш хийх, олон найрлагат уурагжуулсан, витаминжуулсан тэжээл үйлдвэрлэлийг дэмжих;

4.3.10. Тэжээлийн нэг ба олон наст ургамлын үрийг дотооддоо үйлдвэрлэх, үрийн зохих нөөцтэй болох;

4.3.11. Усан сан, шинээр худаг, уст цэг гаргахад дэмжлэг үзүүлэх;

4.3.12. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дараах чиглэлээр хоршин ажиллахыг дэмжинэ;

  а/ Фермер эрхлэгчид нь бод малд шилжүүлснээр 50-с доошгүй  толгой малтай байх;
  б/ Гахайн аж ахуй эрхлэгч 80-с  доошгүй мэгжтэй байх;
  в/ Шувууны аж ахуй эрхлэгч 25000-с доошгүй  өндөглөгчтэй байх;
  г/ Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутагт байрласан байх;
  д/ Эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх;
  е/ Мал, амьтны гаралтай түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, өндөг, арьс шир нийлүүлсэн хоршоодын малчдад урьд оны жилийн эцсээр тоологдсон малын А данс дахь тоо, бүтээгдэхүүний стандартыг үндэслэн урамшуулал олгох;
  ё/ Кластержуулж хөгжүүлсэн малчдын дундын хоршоо, мал эмнэлэг, үржлийн хоршоодын үйл ажиллагааг жилийн хүү нь бага зээлээр дэмжиж, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны  орлогоор эргэн төлөлт хийлгэх;
  ж/ Мах, сүү нийлүүлж байгаа эрчимжсэн фермүүдэд өндөр ашиг шимтэй малыг нийлүүлэн төлөөр нь төлбөрийг төлүүлэх ажлыг зохион байгууах;
  з/ Цогцолбор  фермийн барилга, байгууламж, малчдын орон сууцыг барьж урт хугацааны хүү багатай зээлээр олгох ажлыг зохион байгуулах;
  л/ Өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн өсвөр хээлтэгчийг мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэн цөм сүрэг бүрдүүлэх;
  м/ Эрчимжсэн мал аж ахуйн дундын хоршоодыг байгуулан, дэмжих чиглэлээр эхний 3 жилд орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх;
  с / Мал хамгаалах сан байгуулан ажиллах;

Хөтөлбөрийн 2.4-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.4.1. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг чадварыг дээшлүүлж, лиценз олгох чиглэлээр сургалт зохион байгуулах;

4.4.2. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр гадаад оронд нарийн мэргэшлийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах;

4.4.3. Хөдөө аж ахуйн чиглэлийн их, дээд сургуулиудад эрчимжсэн аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх;

4.4.4. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх ач холбогдлыг иргэдэд сурталчлах;

4.4.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид болон сонирхогчдод тусгай хөтөлбөрөөр; сургалт, үзүүлэх сургууль, зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулах;

4.4.6. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид салбарын төрийн бус байгууллага болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

Тав. Хүлээгдэж буй үр дүн

5.1. Эрчимжсэн мал ахуйг эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ;

5.2. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг чадвар дээшилнэ;

5.3. Нийслэлд Эрчимжсэн мах, сүүний, гахай, шувуу, загасны цогцолбор аж ахуйнууд шинээр байгууллагдан “Ферм хотхон” болон хөгжинө;

5.4. Мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг дундын хоршоодын  үйл ажиллагаа сайжирна;

5.5. Малын үүлдэрлэг байдал сайжирч, бүтээмж нэмэгдэж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлого, амьжиргааны түвшин дээшилнэ;

5.6. Нийслэлийн хүн амыг  хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж гадаадад мах, сүү бэлтгэн нийлүүлэх ажлын эхлэл тавигдана;

Зургаа . Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, арга зүйгээр Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс хангаж,дүүргийн Засаг даргын тамгын газар хэрэгжүүлнэ;

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий  орон тооны бус зөвлөл нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болон Засаг даргын дэргэд ажиллана;

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага оролцоно;

6.4. Хөтөлбөрт заасан эрчимжсэн аж ахуйг мал бүхий иргэд, фермерүүд, аж ахуйн нэгж байгуулж ажиллуулна;

Долоо .Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн  эх үүсвэр, санхүүжилт

7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:
        7.1. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө;
        7.2. Улсын болон, нийслэлийн төсөв;
        7.3. Урт хугацааны зээл;
        7.4. Олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламж, хөрөнгө
         оруулалт;
        7.5. Байгууллага, иргэдийн хандив;
        7.6. Бусад

Найм . Хөтөлбөрийн шалгуурыг хэмжих үзүүлэлт

Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуурыг дараахь үзүүлэлтээр хэмжинэ:

8.1. Нийслэлд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас хөтөлбөрийн дагуу гаргасан эрх зүйн баримт бичгүүд, түүний хэрэгжилт сайжрах;

8.2. Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд бизнесийн болон технологийн мэдлэг олгох чиглэлээр зохион байгуулсан сургалт, үзүүлэх сургууль, тэдгээрт хамрагдсан хүний тоо нэмэгдэнэ;

8.3. Таталцлын бүс төвийн ойролцоо байгуулагдсан цогцолбор болон эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгж, шинээр бий болох;

8.4. Нийслэлийн эрчимжсэн аж ахуйн мал сүрэгт өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувийн жин, нэгжээс авах ашиг шим өсөх;

8.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн орлого болон амьжиргааны түвшин өсөх;

8.6. Мах, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүний өсөлт, махны экспорт болон мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдэх;

8.7. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт, бууралт, хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг нэмэгдэх;

8.8. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд газрыг урт хугацаагаар ашиглуулсан болон эзэмшүүлсэн байдал, тарималжуулсан талбайн ашиглалтыг сайжруулах;

8.9. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн гадаад орон, олон улсын байгууллагын төслүүд, түүний үр нөлөө сайжрах



Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 30-ны өдрийн
А/451 дүгээрзахирамжийн 2 дугаар хавсралт




НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ  МАЛ
АЖ АХУЙ ЭРХЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1 Энэхүү журмын зорилт нь Монгол улсын хот байгуулалтын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон хот төлөвлөлтийн дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд төр, аж ахуй нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.  
1.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам нь Монгол улсын үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Их  хурлын тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Төрөөс  мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого, Монгол мал  хөтөлбөр болон эдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хоёр. Журмын нэр томъёоны тодорхойлолт
2.1 Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
2.1.1“малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан этгээдийг;
2.1.2 “фермер” гэж зохих журмын дагуу бүртгүүлэн фермерийн аж ахуй эрхэлж буй насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай иргэнийг;
2.1.2  “Өрхийн фермерийн аж ахуй” гэж нэг гэр бүл эсхүл иргэн дангаараа эрхэлж буй фермерийн аж ахуйг;
2.1.3  “Хамтын фермерийн аж ахуй” гэж иргэд, эсхүл 2 буюу түүнээс дээш гэр бүл хамтран эрхэлж буй фермерийн аж ахуйг;
2.1.4 “ферм” гэж хувийн өмчлөл, эзэмшлийн болон гэрээгээр эзэмшсэн газар дээр аж ахуй эрхэлдэг хувийн өмчийн аж ахуйг;
2.1.5  “фермерийн аж ахуй” гэж иргэдийн өмчлөл, эзэмшилийн болон гэрээгээр ашиглаж буй газар дээр тулгуурлан эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж хувиараа эрхлэх аж ахуйн хэлбэрийг;
2.1.6 “фермерийн аж ахуйн тэргүүн” гэж  энэ журмын 5 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх фермерийг;
2.1.7 “Хагас эрчимжсэн аж ахуй” гэж байнгын эзэмшлийн газартай, хүйтний улиралд малаа нэмэгдэл тэжээлээр хангах, зохих хэмжээний өвс тэжээл бэлтгэх хадлан, тариалангийн талбайтай, дулааны улиралд  бэлчээрийг бүрэн, хүйтний улиралд бэрчээрийг ашигладаг хэв шинж;
2.1.8 “Эрчимжсэн мал аж ахуй” гэж эрчимжсэн аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийж нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх хэлбэрийг;
2.1.9  “Бэлчээрийн мал аж ахуй” гэж малчид нь нэг газар байнга оршин сууддаггүй гэр бүлийн хамт малаа дагаж нүүдэллэдэг, газар тариалан эрхлэдэггүй өрхийн аж ахуйг;
2.1.10 “Хагас бэлчээрийн мал аж ахуй” гэж өмчийн буюу эзэмшсэн газартай, байнгын хашаа байртай /өвөлжөө, хаваржаа/ боловч жилийн урин дулааны улиралд бэлчээр сэлгэн нүүдэг өрхийн аж ахуйг;
Гурав. Мал аж ахуйн эрхлэх  үйл ажиллагааны хэлбэр, хамрах хүрээ
  3.1 Нийслэлд Мал аж ахуйг дараах хэлбэрээр хөгжүүлнэ. Үүнд;
  3.1.1  Бэлчээрийн мал аж ахуй
  3.1.2 Хагас бэлчээрийн мал аж ахуй
  3.1.3 Эрчимжсэн мал аж ахуй
  3.1.4 Хагас эрчимжсэн аж ахуй
3.2  Багануур, Багахангай, Налайх  дүүргийн зарим хэсэг болон таталцлалын бүсэд бэлчээрийн, хагас бэлчээрийн, хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн явуулна.
3.3 Нийслэлд  дараахь зөвшөөрөгдсөн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг үйлдвэржсэн хэлбэрээр эрхлэн явуулна. Үүнд;
а.Багануур, Багахангай, Налайх дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан  дүүргийн Жаргалант, Хан-Уул дүүргийн 12,13,14, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутгийг эрчимжсэн мал аж ахуй фермерийн аж ахуйн  бүс нутаг болгон хөгжүүлэх;
б.Сонгинохайрхан дүүргийн 21,32, Хан-Уул дүүргийн 12,13, Баянзүрх дүүргийн 11, 20, Налайх дүүргийн 3, 5 хороо, Багануур дүүрэгт  Сүү, махны үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх үхрийн цогцолбор аж ахуйг шинээр байгуулах;
в. Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 361-ын гарам, Хан-Уул дүүргийн 13-р хорооны Туул тосгон, Багануур, Налайх дүүргийн зарим хэсгийн  бүс нутагт тахиа, гахайны цогцолбор аж ахуй эрхлэх;
г. Багануур, Налайх дүүрэгт мах-ноосны чиглэлийн хонины эрчимжсэн аж  ахуйг өргөтгөх, мах сүүний эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулах;
3.4  Зөвшөөрөгдсөн бүс нутагт Эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр  үйлдвэржүүлэн хөгжүүлэхийн тулд  дараах  шалгуурыг хангасан байна.
а.  Мах, сүүний фермийн аж ахуй нь бод малд шилжүүлснээр 50-с доошгүй  толгой малтай /хээлтэгч/ байх
б. Гахайн аж ахуйн ферм нь  80-с  доошгүй мэгжтэй байх
в. Шувууны аж ахуйн ферм нь  25000-с доошгүй  өндөглөгчтэй байх
Дөрөв. Мал аж ахуй эрхлэх бүсүүд
Нийслэл хотын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх бүсүүдийг дараах байдлаар тогтооно. Үүнд:
4.1 Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс:
Энэ бүсэд хотын төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул хамрагдана. Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хилийг хавсралт зургаар нарийвчлан зааж өгнө.
4.2 Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүс:
Энэ бүсэд Налайх, Багануур Багахангай дүүрэг Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороодын нутаг дэвсгэр хамрагдана.
Тав. Мал аж ахуй эрхлэгчдийн хүлээх үүрэг.
5.1.Мал аж ахуй эрхлэгчид нь Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутагт  үйл ажиллагаа явуулах бөгөөд нийслэлийн иргэн байна.
5.2.Энэ журмаар тогтоосон бус нутагт арвин ашиг шимтэй, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлийг баримтлана.
5.3.Мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллага тухайн дүүргийн Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж, Хорооны засаг даргад бүртгүүлж тэдний байнгын хяналтанд ажлаа явуулна.
5.4.Мал, амьтныг өөр аймаг, сумаас авч ирэх, шилжүүлэх, худалдах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл мэндийн үзлэгт оруулж, гарал үүслийн гэрчилгээ,  баталгаажуулалт авсан байна.
5.5.Нийслэл, дүүргийн мал эмнэлэг, үржлийн алба, үйлчилгээний нэгжээс зохион байгуулж байгаа арга хэмжээ/ үзлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, боловсруулалт угаалга /-нд  мал, амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулж, эрүүл байлгах нөхцлийг хангана.
5.6.Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд шилжин суурьших
5.7.Баталгаажуулсан өндөр ашиг шимтэй  хээлтэгч, хээлтүүлэгчийг үржилд ашиглах замаар  малынхаа удмын санг хамгаалах, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах арга хэмжээ авна.
5.8.Мал, амьтанд халдварт болон гоц халдварт  өвчний сэжиг бүхий шинж тэмдэг илэрсэн, үхэж хорогдсон тохиолдолд  хорооны Засаг дарга, дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжид 12 цагийн дотор мэдэгдэж шаардлагатай үед  мал эмнэлгийн байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөнө.
5.9.Цөм сүргийн болон гойд ашиг шимт малд  бүртгэлжүүлэлт, таних тэмдэг,  ээмэгжүүлэлт хийж, үржлийн малын удмын болон үржил ашиг шимийн бүртгэл хөтлөнө.
5.10.Ойн сан бүхий газар мал бэлчээж ойн санд хохирол учруулсан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээ тооцон, тухайн эздээр гарсан төлбөрийг барагдуулах арга хэмжээ авах
Зургаа. Нийслэл,  Дүүргийн Засаг даргын хүлээх үүрэг.
6.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт  мал аж ахуй эрхлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах;
6.2.Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх;
6.3.Нийслэлийн Мал аж ахуй ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх бүс нутгийг тогтоож, хяналт тавьж ажиллах;
6.4.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөр, баримт бичиг, журмыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах;
6.5.Мал сүргийг ган, зуд, үер, түймэр, газар хөдлөлт, хүчтэй салхи, байгалийн бэрхшээл,  малын  гоц  халдварт  өвчин  тохиолдсон  үед   хорио   цээр   тогтоох, хүн, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх шаардлагатай бусад арга хэмжээ авах;
6.6.Онцгой нөхцлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах зорилгоор улсын нөөц, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, шаардлагатай гэж үзвэл бусад аж ахуйн нэгж, байгууллагын нөөцийг дайчилж, нөхөх олговор, үнийг төлөх;
6.7.Мал, амьтныг халдварт паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон үзлэг шинжилгээнд хамруулж, дүүргийн мал эмнэлэг, үржлийн байгууллагын хяналтанд байлган, гэрээ, захиалгаар  гүйцэтгүүлсэн  ажлын үйлчилгээний  зардлыг холбогдох хуулийн дагуу гарган өгч мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг хариуцах;
6.8.Нийслэлд эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж хүн амын хүнсний хэрэгцээгээ хангах бодлогын баримт бичиг боловсруулж ажиллах;
6.9.Хориглосон бүсэд мал амьтан орж ирсэн тохиолдолд дүүргийн тохижилт үйлчилгээний компаниас хариуцаж, тусгай зориулалтын хашаанд хорьж, зохих төлбөртэйгээр  эзэнд нь буцааж өгөх буюу зарлан мэдээлээд эзэн нь ирж аваагүй тохиолдолд зохих журмын дагуу улсын орлого болгох;
6.10.Нийслэлийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумаас мал, амьтан олноор ирж хаваржих, зусах, намаржихийг хориглох, орж  ирсэн малтай иргэдээс зохих хуулийн хүрээнд авах татвар, торгууль, хураамжийг  тогтоож мөрдүүлэх;
Долоо. Дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн хүлээх үүрэг
7.1.Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт мал эмнэлэг, үржлийн нэгж үйлчилгээ явуулж малчид, малтай иргэн, аж ахуйн нэгжтэй  гэрээ байгуулан ажиллана.
7.2.Мал амьтныг халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, шинжлэх, ариутгах, халдваргүйжүүлэх ажлын талаар жил бүр төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ.
7.3.Мал амьтан болон мал аж ахуйн гаралтай хүнсний  бүтээгдэхүүн, түүхий эдийн зах зээлд худалдан борлуулахад хяналт тавьж үзлэг, шинжилгээ хийж  гарал үүслийн гэрчилгээ  олгоно.
7.4.Хөдөө орон нутгаас ирж байгаа мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл мэндийн гэрчилгээ олгох, баталгаажуулахад байнгын хяналт тавина.
7.5.Малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн үйлчилгээ туслалцаа үзүүлнэ.
7.6.Малтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дуудлагаар болон гэрээгээр мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ үзүүлнэ.
7.7.Иргэдэд  мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний  талаар анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гарын авлага мэдээлэл, шаардагдах багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулна.
7.8.Нийт мал сүрэгт үзлэг хийж, цөм сүрэг, гойд ашиг шимт малыг сонгон шалгаруулж, хээлтэгч малыг  бүртгэлд авч гэрчилгээ олгоно.
Найм.  Нийслэлийн мал эмнэлэгийн газар,  Мэргэжлийн хяналтын газрын хүлээх үүрэг.
8.1.Нийслэлийн хэмжээнд мал, амьтны халдварт, паразит өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар авах арга хэмжээг жил бүр төлөвлөн хэрэгжүүлнэ.
8.2.Дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
8.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт мал амьтан, мал аж ахуйн гаралтай түүхий эд хүнсний  бүтээгдэхүүн оруулах, худалдан борлуулах үйл ажиллагаанд  байнгын хяналт тавина.
8.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэгчид болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл  үйлчилгээ. худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хууль, тогтоомж, дүрэм, журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Ес.  Мал аж ахуй эрхлэгчдэд хориглох зүйл.
9.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт  Мал аж ахуй эрхлэхэд дараахь зүйлийг хориглоно.
9.1.1.Энэ журмаар хориглосон бус нутагт мал аж ахуй эрхлэх, хотын гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэг болон хорио цээрийн дэглэм тогтоосон газар, хог хаягдлын цэг, оршуулгын газар,  ойжуулалт, ойн зурвас байгуулсан газарт малаа бэлчээхгүй байх;
9.1.2.Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр зөвшөөрөгдсөн нядалгааны газраас бусад ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй байр орчинд мал, амьтан нядлах, хотын гудамж, талбай, айлын хашаа, орон сууцны хорооллын дунд мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах, хадгалах;
9.1.3.Гадны  аймаг, сумын иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх;
9.1.4.Эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон  газрыг зориулалт бусаар ашиглах;
9.1.5.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх технологийн горим зөрчиж зураг төсөвгүй зориулалтын бус барилга байгууламж барих;
Арав.   Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалт, хяналт тавих, тайлагнах
10.1Журмын хэрэгжилтэнд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар холбогдох байгуулагуудтай хамтран  хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.
10.2.Журмын хэрэгжилтийн явц, үр дүнгийн хяналт үнэлгээг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хагас, бүтэн жилээр  тус тус гаргана.
Арван нэг. Хариуцлага хүлээлгэх.
11.1.Энэ журмын хэрэгжилтийг хангаагүй нь нотлогдсон малчин, ферм эрхлэгчид, аж ахуй нэгжүүдэд      хууль тогтоомжинд заагдсан хариуцлагыг хүлээлгэнэ.
11.2 Журамд зааснаас өөр үйл ажиллагаа  явуулсан тохиолдолд хуулинд заасан арга хэмжээ авахаас гадна үйл ажиллагааг нь зогсоож, дэмжлэгийг олгохгүй, гарсан хохирлыг төлүүлнэ.