Журам батлах тухай

2014-05-30 00:00:00
2014 оны 05 сарын 30 өдөр                                       дугаар А/450                                                   Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.3”а”, 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.8, Засгийн газрын 2003 оны Хөтөлбөр батлах тухай 160 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны Журам шинэчлэн батлах тухай 394 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн хэмжээнд “Мал аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг дэмжих  журам”- ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. “Мал аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг дэмжих  журам”-ыг  хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн зорилт, төлөвлөгөөнд тусган, удирдан зохион байгуулж ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.




НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ

                                                                 



                                                         







Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 30-ны өдрийн
А/450 дугаар захирамжийн хавсралт




НИЙСЛЭЛИЙН МАЛ АЖ АХУЙН ХОРШООДЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Нийслэлийн мал аж ахуйг төв суурин газарт тохируулан хөгжүүлэхийн тулд дундын үйлчилгээтэй, хөдөлмөрөө хорших, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг  бэлтгэн нийлүүлэх, аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, орлогыг нэмэгдүүлэх, малчин ажил олгогчийг урамшуулах зорилго бүхий зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэн эрчимжүүлэн хөгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад  оршино.

1.2.Мал аж ахуйн хоршоодын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны журам нь Хоршооны тухай хууль, “Эрчимжсэн мал  аж ахуйн хөгжлийг дэмжих  тухай“ үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж бусад эрхийн  актаас бүрдэнэ. 

Хоёр. Мал аж ахуйн хоршоодын хамрах хүрээ, хөгжүүлэх арга хэмжээ

2.1     Хоршоо, болон бусад хуулийн этгээдийн хамрах хүрээ
2.1.1 Хоршооны гишүүн  малчин өрхүүд
2.1.2 Малчдын хоршоод
2.1.3 Хоршооны гишүүн фермер эрхлэгчид
2.1.4 Фермер эрхлэгчдийн  хоршоо
2.1.5 Ферм эрхэлж буй кластержсан хуулийн этгээдүүд

2.2  Мал аж ахуйн хоршоодыг хөгжүүлэх арга хэмжээ
2.2.1. Малчдын дундын хоршоог дэмжих арга хэмжээ
2.2.2. Фермер эрхлэгчдийн дундын хоршоог дэмжих арга хэмжээ
2..2.3.Фермер эрхлэгч, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ   

Гурав. Мал  аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийн  төрөл, хэлбэр

3.1  Мал аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд нь дараахь төрлийн цогц үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:
3.1.1. Мал аж ахуй
3.1.2. Эрчимжсэн мал аж ахуй
3.1.3. Сүүний үхэр, ямааны аж ахуй
3.1.4. Махны үхэр, хонины аж ахуй
3.1.5. Гахайн аж ахуй
3.1.6. Шувууны аж ахуй
3.1.7.  Загас, зөгий, туулай аж ахуй
3.1.8.  Тэжээл тариалах, үйлдвэрлэх аж ахуй эрхлэх
3.1.9. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж  үйлдвэрлэх
3.1.10. Худаг уст цэгийг шинээр гаргах, засварлах
3.1.11. Мал аж ахуйн барилга байгууламж, хашаа хороо засварлах 
3.1.12. Мал эмнэлэг, лабораторийн болон үржлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй   
     3.2.  Мал аж ахуйн хуулийн этгээдүүд дараахь хэлбэртэй байна.
     3.2.1.Малчдын хоршоо
     3.2.2. Малчдын дундын хоршоо
     3.2.3  Фермер эрхлэгчдийн хоршоо
     3.2.4   Фермер эрхлэгчдийн дундын хоршоо
     3.2.5  Фермер эрхэлж буй кластержсан хуулийн этгээдүүд

Дөрөв.   Мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг дундын хоршоодын  үйл ажиллагаа

4.1. Дундын хоршоод нь дараахь үйл ажиллагааг явуулна.
4.1.1. Эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх
4.1.2. Үржлийн өсвөр хээлтэгч мал бойжуулах, борлуулах аж ахуй эрхлэх
4.1.3. Мал аж ахуйн дотоод, гадаад худалдаа эрхлэх
4.1.4. Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа, эм хангамж, тоног төхөөрөмжөөр хангах
4.1.5. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэр ложистик, хог хаягдлын үйлдвэрлэл
4.1.6. Цогцолбор фермүүдийн барилга байгууламж барих, засварлах

Тав. Мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг дундын хоршоодыг дэмжих арга хэмжээ 
    
5.1. Анхан шатны хоршоог хоршооны тухай  хууль, дүрмын дагуу байгуулж үйл ажиллагаа явуулна.

5.2. Дор дурьдсан шаардлага хангасан  малчид, ферм эрхлэгчдийн дундын хоршоог дэмжих арга хэмжээнд хамруулна. Үүнд:
   5.2.1. Мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хоршоод нь  хуулийн дагуу аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад хоршоо болон хуулийн этгээдтэй хамтран дундын хоршоо байгуулсан байна.
5.2.2. Хоршоо нь хөдөлмөрийн насны 2-оос доошгүй гишүүнтэй байх
5.2.3. Хоршооны гишүүд нь  бод малд шилжүүлснээр 50-аас доошгүй  толгой малтай байх
5.2.4. Гахайн аж ахуй эрхлэгч 80-аас  доошгүй мэгжтэй байх
5.2.5. Шувууны аж ахуй эрхлэгч 25000-аас доошгүй  өндөглөгчтэй байх
5.2.6. Эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх
5.2.7. Мал, амьтны гаралтай түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир нийлүүлсэн хоршоодын малчдад урьд оны жилийн эцсээр тоологдсон малын А данс дахь тоо, бүтээгдэхүүний стандартыг үндэслэн   урамшуулал олгоно.
5.2.8. Кластержуулж хөгжүүлсэн малчдын дундын хоршоо, мал эмнэлэг, үржлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжих зээлийн жилийн хүү нь мал хамгаалах сангаас олгож байгаа зээлийн хүүгийн хувиас хэтрэхгүй байж, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааны  орлогоор эргэн төлөлт хийлгэнэ.
5.2.9. Мах, сүү нийлүүлж байгаа эрчимжсэн фермүүдэд өндөр ашиг шимтэй малыг нийлүүлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж төлбөрийг төлөөр нь барагдуулах ажлыг зохион байгууна.
5.2.10. Цогцолбор  фермийн барилга, байгууламж, малчдын орон сууцыг барьж урт хугацааны хүү багатай зээлээр олгох ажлыг зохион байгуулна.
5.2.11. Өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн өсвөр хээлтэгчийг мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлэн цөм сүрэг бүрдүүлнэ.
5.2.12. Эрчимжсэн мал аж ахуйн дундын хоршоодыг дэмжиж эхний 3 жилд орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх
5.2.13. Мал аж ахуй эрхлэгч дундын хоршоодын үйл ажиллагааг дэмжиж олгох санхүүжилтийн эх үүсвэрийг Нийслэлийн мал хамгаалах санд төвлөрүүлнэ.
5.2.14. Нийслэлийн мал аж ахуй эрхлэх бүс нутагт үйл ажиллагааг эрхлэн явуулна.     

  Зургаа.  Мал аж ахуйн дундын хоршооны   эрх, үүрэг
6.1 Нийслэлийн Мал аж ахуйн дундын хоршоод нь Нийслэлийн Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд үйл ажиллагаа явуулна.
6.2 Дундын хоршооны гишүүн, хоршоодын малчид, фермерүүд нь үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүнээ бэлтгэн  нийлүүлж, мөнгөн урамшуулал олгох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг нутаг дэвсгэртээ сурталчилна.
6.3 Дундын хоршоог үүсгэн байгуулах, бүртгүүлэхэд Хоршооны тухай хуулийн 2 болон 3 дугаар заалтыг баримтална.
6.4 Дундын хоршоод нь журамд заасан зорилтоо хэрэгжүүлж, журмын 4 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэн явуулна.
6.5 Дундын хоршоо нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа Хоршооны тухай хууль, Олон улсын хоршооны зарчмыг удирдлага болгоно.
6.6 Дундын хоршооны болон бусад хоршооны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
6.7 Хууль, дүрэмд заасан бусад эрх, үүрэг

Долоо.  Удирдлага зохион байгуулалт,  Хяналт тавих, тайлагнах

7.1  Журмын хэрэгжилтэнд Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар хяналт тавьж мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.
7.2  Журмын хэрэгжилтийн явц, үр дүнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан зөвлөл болон Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар байнгын хяналт тавина.
7.3  Журмын хэрэгжилтийн явц, үр дүнгийн хяналт үнэлгээг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар хагас, бүтэн жилээр, Нийслэлийн хоршооны дэд хөтөлбөрийн биелэлтийг ажлын хэсэг бүтэн жилээр тус тус гаргана.

Найм.  Журмыг хэрэгжүүлснээс гарах үр дүн

8.1. Журмын дагуу  дундын хоршоодод  үзүүлсэн  дэмжлэг, үйл ажиллагаа, цогц үйлчилгээг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
8.2. Энэ журмаар нийслэлд уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн цөөн тооны өндөр ашиг шимтэй, үйлдвэржсэн мал  аж ахуй болгон хөгжүүлж  хоршоодын орлого нэмэгдсэн байна.
8.3. Эрчимжсэн мал аж ахуйн онцлогт нийцсэн үйлдвэрлэл эрхлэх ур чадвар нэмэгдэж, материалаг бааз сайжирч, бүтээгдхүүнд хяналт тавих боломж сайжирна.
8.4. Малчдын болон дундын хоршоод нь хөдөлмөрөө хоршиж, дундын үйлчилгээг хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх бодлогын оновчтой хувилбарыг хэрэгжүүлэх арга зүй, санхүүжилтийн механизм нь сайжирсан байна.
8.5. Эрчимжсэн  мал аж ахуй бүсчлэн хөгжиж, шинжлэх ухааны ололт нэвтрүүлэн өндөр ашиг шимтэй мал, амьтны фермын цогцолбор аж ахуйнууд бий болсон байна.

  Ес. Дундын хоршоодын хүлээх хариуцлага

9.1. Энэ журмын хэрэгжилтийг хангаагүй нь нотлогдсон анхан шатны болон дундын хоршоо, хуулийн этгээдэд хууль тогтоомжинд заагдсан хариуцлагыг хүлээлгэнэ.
9.2. Журамд зааснаас өөр үйл ажиллагаа  явуулсан тохиолдолд хуулинд заасан арга хэмжээ авахаас гадна үйл ажиллагааг нь зогсоож, олгогдсон зээл болон бусад дэмжлэгийг дахин олгохгүй, гарсан хохирлыг төлүүлнэ.
9.3. Дундын хоршоод нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, чанар, ангиллийн талаар буруу мэдээ ирүүлсэн, тодорхойлолт өгсөн боловсруулах үйлдвэр, хуурамч гэрчилгээ олгосон аж ахуй нэгжүүдийн эрхийг хасах саналыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлж, гарсан хохирлыг нөхөн төлүүлнэ.