Хуулийн хэрэгжилтийг хангах тухай

2021-10-22 09:25:59

2021 оны 10 сарын 22-ны өдөр                                 Дугаар А/828                                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

      Хуулийн хэрэгжилтийг хангах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхтэй холбогдуулан шинээр боловсруулах дүрэм, журам, шийдвэрийн жагсаалтыг нэгдүгээр, нийслэлийн болон нийслэл хотын хэрэгжүүлэх зохицуулалт бүхий чиг үүргийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

            2.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан асуудлыг судалж, холбогдох дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг хариуцан боловсруулах байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

            3.Энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан болон хуульд заасан нийслэлийн болон нийслэл хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг судалж шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай зохицуулалт (дүрэм, журам, заавар, стандарт гэх мэт)-ын төслийг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус даалгасугай.

 

            4.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, эдгээр хуулийг дагалдан гарсан хууль тогтоомжийн шинэлэг зохицуулалтыг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангаж, хийсэн ажлын талаарх тайланг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

       5.Шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т даалгасугай.

 

         6.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР