Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-10-01 00:00:00
2013 оны 10 сарын 01 өдөр                                              дугаар А/915                                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “б”, “г”, “ж”, 29.1.4-ийн “а”, 29.1.6-ын “а”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5,Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 20.2.7, 34 дүгээр зүйлийн 34.6.11, 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэг, “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж хуульд нийцүүлэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
1.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг ногдуулахдаа газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарсан үед мөрдөгдөж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-аар төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг бүрэн төлсөн болон захирамжийн 1.2-т заасан нөхцлийг хангасан этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах хугацааг сунгаж 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулах;
 
1.2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-аар тогтоосон төлбөрийн 30-аас багагүй хувийг төлсөн тохиолдолд газар эзэмшигч, ашиглагчтай үлдсэн төлбөрийг төлж барагдуулах талаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд дор дурьдсан нөхцөл бүхий заалт оруулж болно. Үүнд:
 
a) Засгийн газрын болон нийслэлийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан өндөр технологийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэгч этгээдтэй үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 3 хүртэл жилийн дотор төлж барагдуулахаар;
b) 3.0 га ба түүнээс дээш хэмжээний газар дээр орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэгч этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулснаас хойш 3 хүртэл жилийн дотор төлж барагдуулахаар.
     
1.3. Захирамжийн 1.2-ын “а”, “б”-д заасан нөхцлөөр газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулсан этгээд нь Газрын тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд, уг эрхийг шилжүүлэн авсан этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх талаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд тусгаж байх;
 
1.4. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх;
 
1.5. Дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдэгдлийг 2 удаа хүлээн авсан боловч дуудлага худалдааны анхны үнэ төлж гэрээгээ шинэчлээгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөхөөс татгалзсан, мэдэгдэл гардуулах хаяг, холбоо барих утас тодорхойгүй, эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй зэрэг тохиолдолд тухайн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх;
 
Хоёр.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж хэрэгжилтийн явцын талаар нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч /С.Очирбат/-д даалгасугай.
 
Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны A/759, А/307 дугаар захирамжийн 1 дүгээр заалтын 1.4 дэх хэсэг, А/309 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ