Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2020-03-10 09:00:11

2020 оны 03 сарын 10-ны өдөр                                          Дугаар А/333                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах

талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг

 эрчимжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6.ж, 29.2, Засгийн газрын 2012 оны 08, 2020 оны 30 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Монгол Улсад дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирус /Ковид-19/ өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус өвчний тархалтыг саармагжуулж, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа дор дурдсан байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоосугай. Үүнд:

 

    1.1.Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний худалдаанаас бусад бүх төрлийн зах, худалдаа, үйлчилгээний цэг, түүний салбарууд;

 

       1.2.Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг, түүний салбарууд;

 

       1.3.Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд;

 

        1.4.Смарт карт цэнэглэх, борлуулах цэгээс бусад бүх төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

 

       2.Дээрх байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох хугацаанд ариутгал халдваргүйтгэл, орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж тухай бүр тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/ нарт, захирамжийг олон нийтэд мэдээлж, үнэн зөв мэдээллээр шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

        4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

           

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН