Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-01-27 09:35:44

2020 оны 01 сарын 27-ны өдөр                                      Дугаар А/108                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, л, 29.1.6.ж, л, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны  03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай.

 

     1.1.Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, энэ талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэх, сурталчлах ажил зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/, Дүүргийн Засаг дарга нарт;

 

     1.2.Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бүх шатны сургалтын төв, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаасан шийдвэрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, харгалзах хүнгүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалтын хөтөлбөрийн дагуу цахим сургалтыг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар /П.Батхүлэг/-т;

 

      1.3.Олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00.00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, дүүргүүдийн Засаг дарга, Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/, Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

      1.4.Хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч нийгмийн хэв журмыг сахиулах, иргэд олон нийтийн  аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, замын хөдөлгөөний камерын хяналт, ашиглалтыг сайжруулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Т.Гантөмөр/ Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/-т;

 

       1.5.Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, яаралтай тусламжийн болон байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т;

 

       1.6.Байгууллага бүр эрүүл мэндийн зөвлөгөө, халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг тогтмол зохион байгуулах, албан хаагчид, үйлчлүүлэгчдийг гараа халдваргүйжүүлэх нөхцөлөөр хангах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудад;

 

     1.7.Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд тогтмол, нэгдсэн байдлаар хүргэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т.

 

      2.Холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс тухай бүр шийдвэр гаргуулж зарцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т зөвшөөрсүгэй.

 

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, мэдээллээр хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН