Сургууль, цэцэрлэгийн эзэмшил газрын тооллого, бүртгэл хийх тухай

2013-06-25 00:00:00
2013 оны 06 сарын 25 өдөр                                             дугаар А/625                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “г”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газрын тооллого бүртгэлийг хийж, газар дээр тэмдэгжүүлэх, улмаар тухайн газрыг хамгаалалтад авч хориглох тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
2. Нийслэлийн нийгмийн хэрэгцээ, шаардлагын дагуу сургууль, цэцэрлэгийн ойр орчмын баталгаажуулах боломжтой газрын судалгааг гарган, талбайг нэмж баталгаажуулах арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Сургууль цэцэрлэгийн орц, гарц, онцгой байдлын үед ажиллах нөөц орц, гарцыг тогтоож баталгаажуулах, орц, гарцыг чөлөөтэй байлгахад шаардагдах нийтийн эзэмшлийн газарт шинээр газар олголт хийхгүй байх, хууль зөрчин олгогдсон газрын эрхүүдийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж /-т даалгасугай.
 
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогч /С.Очирбат/-д даалгасугай.
 
5. Тус ажилд шаардагдах зардлыг нийслэлийн төсвийн тодотголын төсөлд тусган, батлуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ