Хүүхдийн зуслангийн талаар авах арга хэмжээний тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                              дугаар А/587                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, 39.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалт  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангуудын 2013 оны зуны үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зусланд хүүхдийн ая тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлыг хангуулах, сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, зуслангийн материаллаг баазад хяналт тавихад чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/ -т үүрэг болгосугай.
 
2. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн зохион байгуулалтаар хангахад шаардагдах  хөрөнгийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын төсвийн холбогдох заалтаас гаргахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /Я.Байгалмаа/-т зөвшөөрсүгэй.  
           
3. Зусланд хүүхдийн ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараахь байгууллагуудад үүрэг болгосугай.
 
3.1. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /Я.Байгалмаа/-т үүрэг болгох нь:
 
а. Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг мэргэжлийн удирдлагаар ханган, зусланд хүүхдийн хөгжих орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах,
 
б. Хүүхдийн зуслангийн захирал, эмч, бүлгийн багш нарыг чадавхижуулах үйл ажиллагааг мэргэжлийн байгуулагуудтай хамтран зохион байгуулах,
 
в. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2006 Монгол Улсын стандарт болон Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдлөг болгон ажиллах,
 
г. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж,  шалгалтын дүнг нэгтгэн, бусад шаардлагатай материалуудад үндэслэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх,
 
д. Нийслэлийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах
 
е. Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг үндэслэх
 
3.2. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т даалгах нь:
 
а. Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр байнга хангаж ажиллах,
 
б. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах,
 
в. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
 
г. Зусланд амрагч хүүхдүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих,
 
3.3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т даалгах нь:
 
а. “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулахад  хяналт тавьж ажиллах,
 
б. Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх,
 
3.4.  Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т даалгах нь:
 
а. Гарч болзошгүй гамшиг, аюулаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавих,
 
3.5.  Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т даалгах нь:
 
а. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах,
 
3.6.  Нийслэлийн Замын Цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т даалгах нь:
 
а. Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд явуулах,
 
3.7.  Хүүхдийн зуслангийн захирлуудад даалгах нь:
 
а. Зусланд хүүхэд хүлээн авах бэлтгэлийг цогцоор нь шийдвэрлэж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг авсан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх,
 
б. Хүүхэдтэй ажиллах багш, нийгмийн ажилтныг сурган хүмүүжүүлэх мэргэжилтэй, сургууль хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллах,
 
в. Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авсны дараа амрагч хүүхдүүдэд амрах эрхийн бичиг тараах,
 
г. Онцгой байдал, гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй аюулаас сэргийлэх бэлэн байдлыг байнга хангах,
 
д. Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын сургалтанд хамруулсан байх,
 
е. Зусланд амрагч хүүхдүүдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай хүнсээр гэрээт газраас хангах, хоолны орц нормыг стандартын хэмжээнд байлгахад онцгой анхаарах,
 
ё. Хүүхдийн амарч байгаа байр, хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаа орчны цэвэрлэгээнд шаардагдах материал, ариутгал халдваргүйтлийн бодисоор байнга тогтмол ханган халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах,
 
ж. Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах,
 
з. Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
 
и. Эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг зусланд амруулахаар хүлээн авах,
й. Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах,
 
к. Бохирын цооног, бие засах газар, хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийх,
 
р. Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах, зориулалтын бус ашиглалтын шаардлага хангаагүй машин техникээр хүүхэд тээвэрлэхгүй, батлагдсан маршрутыг зөрчихгүй ажиллах,
 
л. Зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, зориулалтын байргүй газар насанд хүрэгчдийг амруулахыг хориглох,
 
м. Зуслангийн бүсэд ажиллах үйлчилгээний цэгийг соёлын болон ариун цэврийн бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдахыг хориглох,
 
3.8. Нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжид даалгах нь:
 
а. Өөрийн харьяа зуслангийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг бүрэн хүлээх,
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган  ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга  Ц.Буяндалайд  үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ