Боловсролын салбарын хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай

2019-05-30 09:05:33

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                          Дугаар А519                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Боловсролын салбарын хяналт

шалгалтыг эрчимжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд  дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 4, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1, 3 дугаар хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн боловсролын салбарт тавих хяналт, шалгалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

     1.1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт дэмжлэг үзүүлж, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын үр дүнгийн гэрээ /гүйцэтгэлийн төлөвлөгөө/-г хагас жил тутам үнэлж, дүнг нэгтгэж танилцуулахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт;

 

       1.2.Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд Боловсролын тухай хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийн талаар зохион байгуулсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнг улирал тутам нэгтгэж ирүүлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;

 

       1.3.Нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд төсөв, санхүүгийн чиглэлээр хийсэн хяналт шалгалтын дүнг тухай бүр танилцуулахыг Нийслэл Дотоод Аудитын газар  /Я.Сарансүх/-т;

 

      1.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны хариуцлага, ёс зүйг сайжруулах талаар сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулж, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус үүрэг болгосугай.

 

        2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН