Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. “Инвекс” ХХК-д Баянзүрх дүүргийн 10,11,12,14-р хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин 113 га газар эзэмшүүлсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 320 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, уг газрын эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 209 дүгээр захирамжийн “Инвекс” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 312 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 557 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, Инвекс эстэшинэрис ХХК, Инвексжюверли ХХК, Инвексмэншоп ХХК, Инвексшүүз ХХК, Инвексскантийн ХХК, Инвексспортс ХХК, Инвекссервис ХХК, Инвекскоммодитис ХХК, Инвексфүүдс ХХК, Инвексклотс ХХК, Инвексхоум ХХК, Нью грэйт лайн ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 825 дугаар, 2012 оны А/64, 2012 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “Дүнжингарав” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ