Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. Иргэн Б.Цэндсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний баруун хойд талд цэвэр усны шугам  түүний хамгаалалтын бүс, автозамын хамгаалалтын зурваст байрлах эзэмшил газрын эрхийн гэрчилгээг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 475 дугаар захирамжийн иргэн Б.Цэндсүрэнд, “Эм Ай Ти Ай Си” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “Эм Ай Ти Ай Си” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

           

           

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ